Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр энэ сарын 11-нд тохионо. Уг өдрийг тохиолдуулан хэд хэдэн үйл ажиллагаа боллоо. Тухайлбал, “Хүчирхэг охид-Хүчирхэг улс” өдөрлөгийг “Хөөрхөн зүрх” ТББ-аас өчигдөр зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн 72 дугаар сургуулийн эмэгтэй сурагчдад хосын эрүүл харилцаа, хувийн орон зай, өөрийгөө хайрлахуй, эрүүл ахуй зэрэг сэдвээр дээрх ТББ-ын мэргэжилтнүүд зөвлөгөө өгчээ.
Мөн Дархан-Уул аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын эрх-Гэрэлт ирээдүй” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан аж. Уг үйл ажиллагаагаар өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог, биеийн хөгжлийн талаарх мэдээллийг суралцагчдад өгсөн гэнэ.
“Гүнж” төвөөс “Healthy girls’’ 10 хоногийн аяныг нийслэлийн 15 сургуультай хамтран өрнүүлэхээр төлөвлөжээ. Уг аяныхаа хүрээнд өнөөдрөөс эхлэн энэ сарын 19 хүртэл 1500 хүүхдийг оролцуулсан, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрхтэй холбоотой сургалт явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ.
А.ҮҮЛ