Эмийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа антибиотикийн дасал хүн төрөлхтөнд хэдийн занал учруулаад эхэлснийг ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллагын судалгаагаар дэлхийн 100 хүн тутмын 3-4 нь эмийн гаж нөлөөний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авч буй гэнэ. Гаж нөлөөний тохиолдлын дийлэнх хувь нь урьдчилан сэргийлж болохуйц буюу иргэдийн эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэж байгаа аж. Хамгийн аюултай нь, антибиотикийг нийтээр дур мэдэн хэрэглэдэгтэй холбоотойгоор олон төрлийн өвчин уг эмд дасаж, илаарьшихаа больсон юм байна. Олон улсад антибиотикт тэсвэржсэн нянгийн эсрэг эм жил ирэх тусам ховордож, архаг, хурц өвчний болон мэс заслын үед өвчтөнүүдэд хүндрэл үүсэх, цаашлаад амиа алдах эрсдэл дагуулах болжээ.
Антибиотикт тэсвэржсэн нянг ДЭМБ “супер бактери” хэмээж буй бөгөөд 2050 он гэхэд ийм шалтгаант нас баралт дэлхийн хэмжээнд тэргүүлнэ гэв. Тодруулбал, жилд дунджаар уг нянгийн улмаас 10 сая хүн эмчилгээнд хэрэглэх антибиотикийн сонголтгүй болж нас барна хэмээн ДЭМБ-ынхан тооцоолжээ.
Манай улсад ч эмийн зохисгүй хэрэглээ, антибиотикийн дасал хүн амын дунд өргөн тархсаныг эмч нар сэрэмжлүүлэх болсон. Үүний улмаас, ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үеэр олон төрлийн антибиотик өвчтөнд үйлчлэхгүй байх зэрэг хүндрэл гарч эхэлжээ. Иймд эмийг зөв зохистой, заавал эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.
О.УНДРАХ