2024 оны парламентын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлынхаа “цэс”-ийг олон нийтэд танилцуулаад байна. Үүнийхээ тэргүүнд өөрсдийн “нэрийн бүтээгдэхүүн” хэмээн тодотгосон 14 ажлыг эрэмбэлээд буй. Эдгээрийн ихэнх нь монголчуудад эчнээ танил болсон, хэрэгжүүлэх талаар яриад багагүй хугацаа өнгөрсөн, эхлүүлэх нэрийдлээр чамлахааргүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан ажил байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүгд шинэ санаачилга биш гэсэн үг.
Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминал, Тавантолгойн 450, Эгийн голын 310, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын ус, дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, “Хэрлэн-Тооно”, “Орхон-Онги” ус дамжуулах шугам, Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Монгол, Францын хамтарсан атомын цахилгаан станц, нүүрс болон кокс химийн цогцолбор, зэс, ган, газрын тос боловсруулах, “Оюутолгой” төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр барих, байгуулах, хиймэл дагуул хөөргөх төслийг үүнд багтсан. Эдгээрийн таваас доошгүй төслийнх нь ажлыг ирэх жилд эхлүүлж, 2028 он гэхэд цөмийг нь гараанаас хөдөлгөсөн байхаар төсөв, төлөвлөгөөндөө тусгасныг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Эхний ээлжийн тавд, боомтуудын төмөр замын холболт, атомын цахилгаан станц, говийн бүсийг усжуулах шугам хоолой, Эрдэнэбүрэнгийн болон Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эрэмбэлээд байна.
Хэрэв хамтарсан Засгийн газар эдгээр ажлыг товлосон хугацаандаа, төлөвлөсөн ёсоор эхлүүлж, хэрэгжүүлж чадвал манай улсын нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, “Хурдтай хөгжлийн төлөө зориг” гаргасны үр дүнг улс нийтээрээ амсах гэнэ. Тухайлбал, төслүүдийг эхлүүлснээр 2025 оны эцэст Монгол Улсын ДНБ 95, 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох нь 10 мянган ам.доллароос давах тооцоо гаргажээ. Төлөвлөсөн ёсоороо амжилттай хэрэгжүүлбэл шүү дээ. Гэхдээ энэ нь Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн ярьж буй шиг тийм ч амар биелчих зүйл биш. Тоо тавьж, зорилт дэвшүүлэх нэг хэрэг, түүнийгээ гүйцэтгэлээр бодит болгох нь ангид явдал. Ялангуяа мега төсөл бол тоглоом биш. Их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацааны төлөвлөлт, хамтын ажиллагаа, чанартай гүйцэтгэл, өндөр түвшний технологи шаарддаг онцлогтой. Үүнийгээ дагаад саад бэрхшээл ихтэй. Харин тэр шалгуур, шаардлагыг хангах нөөц, чадамж Монголд бий юү. Урт хугацаандаа үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийг улс төр, албан тушаалын нөлөөллөөс ангид авч явах боломж байгаа юу. Тун эргэлзээтэй, ярвигтай асуулт. Наанадаж манай улсад ажиллах хүч хангалттай алга.
Мега төслүүд нь ихэвчлэн дэд бүтэц, зам, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга, байгаль орчин, технологийн салбарынх байдаг. Дээр дурдсан төслүүд ч эдгээрт хамаарч буй. Тэгэхээр бидэнд энэ салбаруудад ажиллах хүний нөөц, чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй. Олон улсын жишгээс харахад, мега төслийн ажилд оролцох хүмүүсийг чиг үүргээс нь хамаараад гүйцэтгэх, удирдах түвшнийх гэж ангилдаг. Удирдах түвшний хүмүүс нь төсөл, арга хэмжээний ерөнхий төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйгээр хангаж, чиглүүлдэг бол нөгөөх нь гүйцэтгэлийн ажлыг гардан хийдэг аж. Эдгээр нь хүлээх үүрэг, гүйцэтгэх ажлаараа ялгаатай боловч аль аль нь мэргэжлийн, чадамжтай байх ёстой. Төслийн удирдах түвшинд ажиллах мэргэжилтнүүдийг одоогийн жишгээр гадаадын аль нэг улсаас, өндөр цалин амлаад, хүчээр ч болтугай аваад ирдэг юм байж. Ийм байдлаар томоохон, чухал албан тушаалд “гэнэт” томилогдсон хүн манай улсад цөөнгүй. Тэгвэл гүйцэтгэлийн шатанд ажиллаж, ачааны хүндийг үүрэх тэр олон хүнийг хаанаас, хэрхэн олох вэ. Эндээс л мега төсөл тойрсон, толгой өвтгөм асуудал эхэлнэ.
ХНХЯ (хуучнаар)-ныхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, бизнесийн судалгааны MMСG компанитай хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035 он) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааг өнгөрөгч онд хийгээд манай улсын хөдөлмөрийн зах зээлд 300 мянга гаруй ажилтан дутагдалтай байгааг тогтоосон. Энэ үзүүлэлт цаашид улам нэмэгдсээр ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй гүн ангал зах зээлд үүсэх эрсдэлтэйг судлаач, экспертүүд анхааруулаад байгаа. Үүний шинж тэмдэг эхнээсээ илэрч, салбар бүр, байгууллага болгон хүний нөөцийн дутагдалд ороод буй. Тэр дундаа зам, барилга, дэд бүтцийн салбарт ажиллах инженер, техникийн мэргэжилтэн олдохоо больсон. Уул уурхай өндөр цалинтай тулдаа ажиллагсдаа тогтоон барьж байна. Залуус цаг үеийн хэрэгцээ шаардлагаа дагаад аргагүйн эрхэд технологийн салбарыг бараадах болсон.
Хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа зам, барилга, уул уурхай, олборлох салбарт үүссэн эрэлтээс үүдэлтэй “цоорхой”-г гадаадын ажиллах хүчээр дутуу хагас нөхөж буй гэхэд хилсдэхгүй. Зам, барилгын салбарт сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа, олон улсын нээлттэй тендерээр гүйцэтгэгчдийг нь шалгаруулсан гэх төсөл, хөтөлбөрүүдээс үүнийг харж болно. Авто замын салбарын төслүүдийг гэхэд Хятадын компаниуд “хуу хамдаг” болоод удаж байгаа. Статистик баримт ч үүнийг баталдаг. 2024 оны хоёрдугаар улиралд Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 92.9 хувиар нэмэгдэж, 16 мянгад хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүний 71.1 хувь нь хятад, 7.6 хувь нь энэтхэг, 3.9 хувь нь вьетнам, үлдсэн нь турк, орос тэргүүтэй бусад улсынх бөгөөд тэдний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, дэд бүтэц, 16.1 хувь нь боловсруулах салбарт ажилладаг. Түүнчлэн 2023 оны Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс ажилтны хөгжлийн үзүүлэлтээр 134 орноос 88, ур чадвартай мэргэжилтний хүртээмж (олдох боломж)-ээр 133-т эрэмбэлэгдсэн. Эдгээр цөөн үзүүлэлтээс л манай улсын хөдөлмөрийн зах зээлд хэр хэмжээний хямрал нүүрлэснийг баримжаалах боломжтой. Ийм хямралыг арилгахад багадаа 3-5 жил шаарддаг гэдэг. Оновчтой бодлого, шийдвэр хэрэгжүүлж чадсан тохиолдолд л ийм үр дүнд хүрэх боломжтой юм билээ. Гэтэл манай төр засаг энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, зохицуулалт хийгээгүй, өнөө маргаашаа яая даа гэж байж л хоёр жилийн дотор 14 мега төслийг зэрэг эхлүүлнэ хэмээн хоосон амбицлах боллоо.
Яг одоогийн нөхцөлд бол дотоодын нөөц, хүчдээ тулгуурлаад 14 байтугай таван төслийг ч зэрэг эхлүүлэхэд бэрх. Ядаж л хангалттай тооны инженер байхгүй. Зам, барилга, уул уурхайн салбарт туршлагатай бизнесменүүд энэ эрсдэлийг урьтан олж хараад, анхааруулах болсон. Уг нь Засгийн газрын гишүүд, бодлого, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд үүнийг мэдэхийн дээдээр мэддэг. Гэвч тэд хоосон халаглаж, санаа тавьж буй дүр эсгэхээс өөр бодитой зүйл хийхгүй байна.
Саяхан болсон ШУТИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын хэмжээнд төлөвлөж буй мега төслүүдийг хэрэгжүүлэхэд инженер, технологийн мэргэжилтний эрэлт улам нэмэгдэнэ. Тиймээс УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг цаг алдалгүй хийхээр төлөвлөсөн” хэмээн ярьсан байна билээ. Энэ сарын эхээр зохион байгуулсан Монголын хөдөлмөрийн зах зээлийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мега төслийн өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл нь ажиллах хүчний нөөц. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана” гэж дурджээ. Эндээс мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хууль, эрх зүйн хүрээнд, мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх нь гэсэн зураглал харагдаж байна. Өөр ямар төлөвлөгөө, ажил хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Гэтэл эхний ээлжийн төслүүдээ хэрэгжүүлэхээр товлосон хугацааных нь тоолуур гүйж эхлэхэд ердөө хоёр сар гаруйн хугацаа үлдлээ. Дэлхий нийтийн жишгээр бол төслийн бэлтгэл шатанд ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагатай ур чадварын түвшнийг тодорхойлон, урт, богино хугацаанд сургалт, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм билээ. Манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн эргэн тойронд лав үүнтэй холбоотой хийж байгаа зүйл одоохондоо алга.
Ажиллах хүчний нөөц, ур чадварын дутмаг байдлаас болж бүтэлгүйтсэн, алдагдал хүлээсэн мега төсөл цөөнгүй. Японы INPEX корпорацаас хэрэгжүүлсэн “Ichthys LNG” (байгалийн шингэрүүлсэн хийн), Чилийн төрийн өмчит “Codelco” компанийн “EI Teniente” (зэсийн), Саудын Арабын “Riyadh metro”(зам, барилгын) зэрэг төслийг энд дурдаж болно. Хамгийн ойрын жишээ гэвэл Оюутолгойн гүний уурхайн төсөл байна. Дотоодын инженер, техникийн ажилчид хангалттай байхгүйгээс эл төсөлд олон улсын мэргэжилтнүүдийг өндөр өртгөөр цалинжуулж, ажиллуулсан. Мөн орон нутгийн ажиллах хүчний ур чадвараас шалтгаалан зарим хэсгийнх нь ажил удааширсан гэдэг. Мэдээж энэ хэмжээгээр төслийн төсөвт өртөг нэмэгдэж, өгөөж нь буурсан. Хүний нөөцөө шийдэж чадаагүй, бэлтгэлийг нь бүрэн хангаагүй төсөл эдийн засгийн болон цаг хугацааны алдагдал хүлээдэг нь бичигдээгүй хууль. Мега төслүүдийн хувьд энэ хохирол бүр ч их хэмжэээгээр яригддаг. Тиймээс мега төслөөс хүлээх үр дүнгээ бус, түүнийг хөдөлгөгч хүч болсон хүний нөөцийн талаар ярих, энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай. Улс орны хөгжлийн хөдөлгүүр нь стратегийн ач холбогдолтой мега төслүүд гэдэг. Тэгвэл томоохон төслүүдийг урагшлуулагч нь ажиллах хүч юм.