Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар хурал (CBD)-аар баталсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-25-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажил өдгөө манай улсад үргэлжилж буй аж. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС, МУБИС-ийн судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан “Монгол орны зарим ургамлын улаан дансны үнэлгээ ба хамгааллын арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн судлаач, эрдэмтэд манай орны ургамлын төрөл, зүйлүүдийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, 2012 онд “Монголын ургамлын улаан данс ба хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл”, 2019 онд “Монгол орны ургамлын улаан данс”, 2020 онд “Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс”-ыг хэвлүүлж байжээ. Үндсэндээ ургамлын үнэлгээтэй холбоотой гурван номыг цувралаар хэвлүүлсэн аж. Тэгвэл дээрх ажлын хүрээнд өмнөх үнэлгээнүүдийг нэгтгэн “Монгол орны ургамлын улаан данс” нэртэй дөрөв дэх цувралыг хэвлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Үүний хүрээнд судлаачид хөвд, замаг, мөөг, гуурст нийлсэн 1436 зүйл ургамлын бүс нутгийн үнэлгээг нэгтгэжээ. Энэ талаараа дээрх хэлэлцүүлгийн үеэр ярилцаж, ургамал судлаачдын санал, байр суурийг сонссон байна.
Дөрөвдүгээр цувралд багтаах 1436 ургамлын 221 зүйл буюу 15.37 хувь нь ховордлын зэрэглэл (устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг)-тэй, 181 зүйл нь ховордож болзошгүй, 791 зүйл нь анхааралд өртөхөөргүй, 230 зүйл нь мэдээлэл дутмаг, 13 зүйл нь үнэлэх боломжгүй ангиллынх байна. Нийт ургамлын 39.3 хувь нь амьдрах орчны доройтол, 26.9 хувь нь байгалийн гамшиг, 18.6 хувь нь орчны бохирдол, 9.1 хувь нь дотоод хүчин зүйл, 3.5 хувь нь хүний шууд нөлөө, 1.3 хувь нь нөөц ашиглалтын нөлөөгөөр ховордож байгааг тогтоосон аж.