“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Эко Мөрөн” байгаль хамгаалах нөхөрлөл, “Эко Хэнтий” жуулчны бааз, “Ханомаро тур” ХХК хамтран “Юнител групп”-ийн дэмжлэгээр Хэнтий аймгийн Мөрөн сумд зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм байгуулжээ. Үүний үр дүнд тухайн бүсэд нутагладаг ан амьтад, ялангуяа нэн ховор аргаль, халиун буга өвөл, хаварт ундаасаж харангадах аюулгүй болсон гэнэ.
Мөрөн сумын Гамал ууланд Монгол орны ховор, нэн ховор амьтан олноороо тархан нутагладаг тул 2018 онд тус газарт биотехникийн арга хэмжээ авах тусгай цэг байгуулжээ. Зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрмийг эл цэгт түшиглэн байгуулсан аж. Дээрх байгууллагын судлаач, мэргэжилтнүүд Гамал ууланд уст цэг бий болгоод зогсохгүй түүнийгээ хашаалж, ойр орчмыг нь камержуулан, орон нутгийн холбогдох газарт албан ёсоор хүлээлгэж өгчээ. Хөв цөөрмийн усан хангамж, арчлалт, хамгаалалтыг цаашид “Эко Хэнтий” жуулчны бааз, “Эко Мөрөн” байгаль хамгаалах нөхөрлөл хариуцах нь.
“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн “Зэрлэг амьтныг хамгаалахад тэдгээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал. Хөдөө, орон нутагт мал болон зэрлэг амьтдын бэлчээр нутаг давхацсанаас энэ нь бүр ч эмзэг сэдэв болоод байна” гэжээ.