Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Өмнөдэлгэр хүртэлх хатуу хучилттай 52.5 км авто замыг өчигдөр ашиглалтад орууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн автозамын бүтээн байгуулалттай танилцах үеэр нээлтэд нь оролцсон юм.
“Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сум, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Зүүн бүс нутаг нь Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн интеграцад орох бүрэн боломжтой. Энэ нь Бурхан халдун хайрхан, Балдан бэрээвэн хийд оршдог Өмнөдэлгэр, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулж, их хуралдай анх хуралдсан Биндэр, их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог Дадал, монгол төрийн их заргач Шихихутагийн төрсөн нутаг Норовлин сум хүртэлх авто замын эхлэл хэсэг.
Өөрөөр хэлбэл, түүхэн аялал жуулчлалын тойрог замын нэг хэсэг гэдгээрээ онцлогтой. Зүүн бүс нутгийн түүхэн газар нутгуудыг дэд бүтцээр холбосноор хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид, гадаад, дотоодын иргэдийг татах чухал ач холбогдолтой юм. Бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн Засгийн газраас мэдээлэв.
А.ҮҮЛ