Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн 18 насандаа ходоодны хорт хавдар гэх аюулт өвчинтэй нүүр тулсан хүү. Анх удаа хот орж үзэхдээ очих газар нь эмнэлэг байна яаж мэдэх билээ. Архангай аймгийн эмнэлэгт байхдаа цус алдаж, үхэл, амьдралын заагт Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг бараадсан аж. Аймгийн төвд сургуульд сурдаг тэрбээр бэлэн гоймон төдийхнөөр өл залгуулж байсан нь ходоодны хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ. Бүр хожуу шат буюу IV зэрэгт хүртлээ өвчнөө даамжруулсан байж. Хөдөө малаа харж үлдсэн ээж нь хүүгээ ийм өвчтэй болсныг мэдээгүй хэмээн нулимс асгаруулж суусан гэдэг. Хүү ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хоёр удаа хэвтэн эмчлүүлээд амьсгал хураажээ.
Тус тасгийн эмч, сувилагч нарт эцсийн хүслээ хэлж, биелүүлж өгөхийг гуйдаг хүн цөөнгүй гэнэ. Хөөрхий хүүгийн эцсийн хүсэлтийг биелүүлж, шүтэн биширдэг загвар өмсөгч охинтой нь уулзуулжээ. Хамт зургаа ч авхуулсан гэнэ. Мөн Сүхбаатарын талбай, Зайсан толгойгоор аялуулж хүүгийн хүслийг биелүүлсэн талаараа тус эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ахлах сувилагч С.Оюунгэрэл ярив.
Тэрбээр амьдралынхаа 30 орчим жилийг хавдартай өвчтөнүүдэд зориулж яваа ажээ. Сүүлийн 25 жилд Хөнгөвчлөх эмчилгээний тасагт тасралтгүй ажиллаж буй гэнэ. “Нялх үрээ үлдээгээд нас эцэслэж байгаа эмэгтэйчүүдийг харахад үнэхээр хэцүү. Хөөрхий хүүхдүүд нь яана даа л гэж бодохоор зүрх зүсэм. Үр хүүхдийнхээ дэргэд өвдөөгүй юм шиг шүд зуугаад “Би зүгээр ээ” гэж хэлдэг ч зовуурь шаналал л илхэн харагдах ахмад буурлууд ч өрөвдөлтэй. “Эхнэр, хүүхдүүд минь л байна, би яах вэ нэгэнт авралгүй болсон хүн” хэмээх эрчүүд ч өр өвдөм. Сүүлийн үед манай тасагт 18-25 насны хүүхэд, залуус ирж хэвтэх нь нэмэгдсэн” хэмээн С.Оюунгэрэл ярив. “Амьдралынхаа эцсийн мөчид ирсэн хүмүүсийг асарч тойглоно гэдэг амаргүй. Сэтгэл зүйгээ бэлдэхгүй бол өөрсдөө сэтгэцийн эмгэгтэй болно шүү дээ” гэж тэрбээр шуудхан хэлнэ лээ. Хорт хавдрын хожуу шат гэж оношлогдсон олон зуун хүн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг дамжин өнгөрч байна. Эмчлүүлж байхдаа нас барах тохиолдол олон гардгийг тус тасгийнхан хэлсэн. Тиймээс тус тасагт үдэх ёслолын өрөө гаргажээ.
Хөнгөвчлөх эмчилгээний төсөв хүрэлцдэггүй
Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөл, ялангуяа элэгний хорт хавдрын тохиолдлоор тэргүүлдэг. Жил бүр ойролцоогоор хорт хавдрын 7000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог гэсэн статистик бий. Энэ хэрээр хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай болж буй. Тэгвэл манай улс ийм төрлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадаж байна уу. Хорт хавдартай нэгнээ хэрхэн асарч тойглох, сэтгэл санааг нь яаж дэмжих, хаана хандахаа мэдэхгүй хүмүүст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэвээр байна. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд хүлээж авахгүй байна гэх гомдол цахим орчинд байсхийгээд л гардаг. Нэг байгууллагаас нөгөө рүүгээ явуулж, хүндрэл чирэгдэл учруулдаг тохиолдол ч цөөнгүй. Техник, технологи хөгжсөн эрин үед эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний дарааллыг хүлээж хүчрэхгүй, эмнэлгийн тусламж авч чадахгүй амьсгал хураана гэдэг дэндүү харгис.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт эмнэлгийн хөнгөвчлөх тасагт 11 348 хүн хэвтэн эмчлүүлсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн юм. Тодруулбал, ХСҮТ, аймаг, дүүргийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт энэ төрлийн тусламж үзүүлдэг, хэвтэн эмчлүүлэх боломжтой 409 ор бий ажээ. Гэвч энэ нь тусламж шаардлагатай хүн амын тоотой харьцуулахад хэтэрхий цөөн. Улсын хэмжээнд хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ-д гэхэд хөнгөвчлөх эмчилгээний 16 ор бий. Хэвтэхийн тулд хүмүүс 7-10 хоног хүлээдэг аж. Өвчтөн болон сахиурт сэтгэл зүйч, хоол зүйч, нийгмийн ажилтны зөвлөгөө шаардлагатай байдаг. Гэвч өрөө, тасгийн хүрэлцээгүйгээс сэтгэл зүйчтэй ганцаарчлан уулзаж, сэтгэлээ онгойтол ярилцах боломж хомс. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Н.Бадрал “Манай тасагт өвчтөнүүд 7-10 хоног хэвтдэг. Эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй учраас илүү олон хоногоор хэвтүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэг өвчтөний эмчилгээний зардалд 918 мянган төгрөг олгодог. Анх 300 мянган төгрөгөөр тооцдог байснаа бодвол нэмсэн. Гэвч хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы өртөг өндөр. Хоол тэжээлийн дутагдалд орсон, цус алдсан өвчтөнд уураг нөхөх шаардлагатай болдог. Нэг удаа тарих альбумины үнэ 200 000 төгрөг. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ нь бие махбодын өвчин, зовуурийг арилгах эмийн эмчилгээнээс гадна сэтгэл санаа, нийгмийн тусламж, үйлчилгээ, сүсэг бишрэл буюу итгэл үнэмшлийг цогцоор нь бүрдүүлэх ёстой. Гэтэл манай тасгийн хувьд шинж тэмдгийг арилгах эмийн эмчилгээнээс гадна бусад тусламж, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж нь хүрэлцэхгүй байна. 10 сувилагчийн орон тоотой ч 6-8 хүн ээлжилж ажилладаг. Нэг сувилагчид хамгийн ихдээ дөрвөн өвчтөн ногдох стандарттай. Гэвч нэг сувилагч үүнээс олон хүнтэй ажиллаж байна. Эмчилгээний эм, тарианы зардал эрүүл мэндийн даатгалаас олгож буй мөнгөнөөс давдаг учир олон хоног хэвтүүлэх боломжгүй юм. Тиймээс өвчний шинж тэмдэг, зовуурийг богино хугацаанд арилгаж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө, мэдээлэл өгөх нь чухал” гэв.
Тус тасагт орон нутгаас болон дүүргийн эмнэлгээс чанартай тусламж, үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс олноор ирж эмчлүүлдэг байна. Хэдийгээр хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн олонх нь 45-аас дээш настай ч сүүлийн жилүүдэд залуус ч хорт хавдраар өвчлөх нь ихэссэн талаар Н.Бадрал хэлсэн. Хэвтэж буй өвчтөний 2-3 нь 30 нас хүрээгүй залуус гэнэ.
Хосписуудад төрийн дэмжлэг хэрэгтэй байна
Хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, тасаг нэгж олон байх нь ХСҮТ-ийн ачааллыг бууруулахад нэмэртэй. Хэдийгээр дүүргийн эмнэлгүүд энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэх ч мэргэжилтнүүдийн хомсдолоос болж үйл ажиллагаагаа тогтмол явуулж чаддаггүй байна. Баянзүрх дүүрэг гэхэд хамгийн олон хүн амтай хэдий ч хөнгөвчлөх тусламж үзүүлэх гуравхан ор дэлгэжээ. Тиймээс иргэд ХСҮТ рүү хошуурч, ачааллаа дийлэхгүйд хүргэж буй. Энэ нь хүнд өвчтэй иргэдийг улам чирэгдүүлж байна.
Олон улсын жишигт өвчний сүүлийн шатанд орсон, хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд үйлчлэх тусламж нь сайн санааны үндсэнд бий болдог. Эмнэлгийн үйл ажиллагаа нь хандивлагч байгууллагууд болон хувь хүн, төр засгийн дэмжлэгтэйгээр оршин тогтнодог. Гэтэл манай улсад энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллага хуруу дарам цөөн. Үүний нэг нь “Ивээл” хоспис. Тус байгууллагынхан 2005 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулжээ. 17 жил иргэдэд үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Харин 2022 оноос гадаадын байгууллагынхан санхүүжилтээ зогсоожээ. Тиймээс тус хосписыг “Энэрэнгүй харц” нэрээр өөрчилж, 15 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгосон байна. Гэвч тусламж, үйлчилгээг нь төрөөс дэмждэггүй, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй аж.
Энэ талаар тус эмнэлгийн захирал Т.Алтанхуяг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийн нэг нь хөнгөвчлөх үйлчилгээ байдаг. Амьдралын эцсийн шатандаа орсон хүмүүсийг ая тухтай байлгаж, асран халамжлах нь хүмүүнлэг үйлс. Бид энэ тусламж, үйлчилгээг олон хүнд хүргэхийг хүсэж байгаа ч санхүүжилтгүйн улмаас хүнд байдалд ороод байна. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд иргэд ор, хоногийн төлбөрт 80 000 төгрөг төлдөг. Энэ мөнгийг үйлчлүүлэгчийн хоол, эм тарианд зарцуулдаг. Гэтэл цаана нь ажилтнуудаа цалинжуулахаас эхлээд бусад урсгал зардлаа нөхөж чаддаггүй. Үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болсны дараа магадлан итгэмжлэлд орох боломжтой. Гэвч бидэнд үйл ажиллагаа нь тогтворжсон бусад эмнэлгийнхтэй ижил шаардлага тавьдаг. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэдэгт нь гол ач холбогдол өгөхгүй, тоног төхөөрөмж зэргийг илүүд үзэж буй нь харамсалтай. Бид эмнэлгийн байгууллагын стандарт шаардлагыг мөрдөж ажилладаг. Гэвч ийм хүнд нөхцөлд ажиллах мэргэжилтэн олдохгүй байна” гэв. Мөн Монгол Улсад олон жил үйл ажиллагаа явуулж буй “Грийн хоум” хосписын тусламж, үйлчилгээг ч эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэггүй аж. Энэ мэтээр эдийн засгийн дарамтаас болж энэлсэн шаналсан хүмүүст туслах боломж хязгаарлагдсаар байна.
Хорт хавдар удаан хугацаанд “өсөж томорсоор” нэг л өдөр “тэсэрдэг”. Тиймээс эрүүл мэнддээ онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг эмч нар зөвлөдөг билээ. Өвчтөний нас залуу байх тусам ар гэрийнхэн нь цочирдож, илүү хүндээр хүлээн авдаг байна. Гэнэтийн цочролоос болж эмнэлгийн ажилтныг буруутгах, эмч, сувилагч руу дайрч давшлах тохиолдол гардгийг ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан хэлсэн. Тиймээс өвчтөн бүрийг заавал сахиуртай байлгаж, ар гэрийнхэнд нь эмнэлгээс гарсны дараа хэрхэн анхаарах талаар зааж зөвлөх нь чухал гэнэ. Тус тасгаар 7-8 жил үйлчлүүлсэн өвчтөн ч бий аж. Хоёр жилийн өмнө бөөрний хорт хавдраар оношлогдсон 84 настай аавыгаа 62-той хүү нь сахиж байв. Тэд эл тасагт дөрөв дэх удаагаа хэвтэж буй гэнэ. Зөвхөн хавдрын өвчлөл гэлтгүй сүрьеэ, ДОХ, цус харвалтын болон осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ хөсөр хаягджээ.