Ширээний теннисний тамирчдын зэрэг ахиулах “Намрын тойрог” тэмцээн болж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын дүүрэг, клубүүдээс мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцов. Тэднээс эрэгтэй 16, эмэгтэй 10 тамирчин III зэрэгтэй боллоо. II зэргийг эрэгтэйчүүдээс найм, эмэгтэйчүүдээс зургаа тамирчин хүртжээ. I зэргийн болзлыг эхний байр эзэлсэн хоёр тамирчин биелүүлсэн юм.
Эрэгтэйчүүдээс III зэргийн ангилалд 112 тамирчин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн оролцогч Б.Буянбаатар түрүүлжээ. Эмэгтэйчүүдийнхэд 48 тамирчин ур чадвараа сорьж, Э.Золбоо (Төв аймаг) тэргүүн байр эзэлсэн байна. Тэгвэл II зэргийн ангилалд 43 тамирчин тоглосноос эрэгтэйчүүдээс М.Дөлгөөн (“Өсөх-Од”), эмэгтэйчүүдийн төрөлд нийт 33 тамирчин оролцсоноос Б.Ануужин (“Оч” клуб) нар тэргүүлэв. I зэргийн ангилалд 31 тамирчин оролцсоноос М.Пүрэвдорж (“Өсөх-Од”), эмэгтэйчүүдээс Б.Ануужин (“Оч”) нар аварга боллоо. Ташрамд дуулгахад, Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ким Хён Со, Б.Цэрэнтогтох нарын удирдлагад Казахстанд зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Астана хотыг зорьжээ. Эл тэмцээнийг олон улсын шүүгч Б.Давааням, Я.Болд нар дэнслэх нь.