Манай улсын 600 мянган айл өрхөд орон сууц нэн шаардлагатай гэж Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр гишүүд онцоллоо. Улсын хэмжээнд 941 547 өрх байгаагаас 32.1 хувь нь л инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай аж. Тэгвэл 29.7 хувь нь байшинд, 38.2 хувь нь гэрт амьдардаг байна. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангах хэрэгцээ, шаардлага их ч нийлүүлэлт хангалтгүй хэвээр буйг дээрх хорооны гишүүд хэлсэн.
Иргэдийг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх, байрны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын байгууллагуудыг татан оролцуулахаар ажлын хэсэг байгуулсан юм байна. Үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголбанк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан аж.
Засгийн газраас 2025 онд ипотекийн зээлд нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжүүлт олгохоор төлөвлөсөн. Үүнийг зорилтот бүлэгт тэнцүү хуваарилахад ажлын хэсэг онцгой анхаарч буй гэнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллынхныг орон сууцжуулахаас гадна орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэд, төрийн албан хаагчдыг ч хямд үнэтэй орон сууцаар хангах аж. Учир нь улсын хэмжээнд 90 гаруй сумд дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байгааг албаныхан учирлав. Ташрамд дурдахад, МИК-аас мэдээлснээр 2013-2024 онд 155 мянган айл өрх ипотекийн зээлээр орон сууцтай болжээ. Ипотект хамрагдсан айлуудын 30 хувь нь зээлээ бүрэн төлж, байраа томруулсан байна.