Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар”, Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” зэрэг түүхэн жүжиг олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө үзэгчдэд хүрч байсан “Тэнгэрийн хүү” жүжгийн найруулга, бүрэлдэхүүнийг шинэчилж, тайзнаа толилуулахад бэлэн болоод байна.
Тус жүжиг нь МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиолоос сэдэвлэсэн түүхэн туульсын уран бүтээл. Нүүдэлчдийн анхны төрт улсыг үндэслэгч Модун Шаньюйн амьдрал, эрх мэдлийн зөрчил, тэмцлийг зохиолд өгүүлдэг бөгөөд монголчуудын бэлгэдэл, тэнгэр шүтлэг, зан заншил, ёс суртахууны ойлголтыг монгол хэлний яруу хэллэгээр торгон илэрхийлснээрээ онцлог. Анх 2011 онд эл зохиолыг олны хүртээл болгож, гол дүрд Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглосон нь олны анхаарлыг татаж байв. Үүгээр тогтохгүй ес дэх удаагийн “Гэгээн Муза” наадмын зургаан төрөлд шилдгээр шалгарч, гран при шагналыг “атгаж” чадсан. Харин УДЭТ-аас шинэчлэн хүргэж буй тус уран бүтээлийн урьдчилсан үзвэрийг өнгөрөгч лхагва гарагт сонирхлоо.
Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр ажиллажээ. Түүнийг эл дүрд сонгогдсонд гайхах зүйлгүй. УДЭТ-ын жүжигчдийн бүрэлдэхүүн дундаас хамгийн боломжит хувилбар бол тэр. Жүжгийн эх зохиолд төрт улсын хүч чадал зонхилж, үйл явдлын зангилааг хөтлөөд явчихдаг талтай. Харин үүнийг тайзнаа үзүүлэхдээ аймшигтай нүргээн, бөөн сүр, хоолойгоо шахсан харчуудаар дүүргэж орхивол зохиолын агуулга нуран унана. Сүр жавхланг илэрхийлэлгүй яах вэ. Гэхдээ юмс хэмжээнээсээ хэтэрвэл утга, чанараа алддаг хойно. “Ийм л битгий байгаасай” гэсэн бодол өвөртлөн танхимд суудлаа эзэлсэн юм.
“Улс үндэстнүүдийн сэтгэлгээг үлгэр домог, туульсын бодомж, хөдөлгөөн, дотоод халил, хэтрүүлэл, зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр хэмждэг. Үүнийг Б.Цогнэмэх манай драмын урлагт шигтгэж өглөө” хэмээн найруулагч Н.Наранбаатар түүнийг дүгнэсэн нь бий. Тэдний хамтрал энэ удаад хэрхэн биежсэнийг харах нь тун сонирхолтой. Б.Цогнэмэх бол зохиолынхоо гол чиг шугамыг алддаггүй зохиолч. Дүрүүдийн зөрчлийг ил өрнүүлдэг ч цаг төрийн эмзэглэлээ далд тусгадаг онцлогтой. “Тэнгэрийн хүү” бол тэнгэр үзэл, бэлгэдэл, монгол хүний итгэл үнэмшлийг яруу тунгалаг харуулснаараа одоо ч үнэ цэнтэйд тооцогдож, олны хүртээл болсоор байна.
Гэрэл, дуу, бүжиг, хөдөлгөөн бүхнийг тайзнаа тодруулахад техник хангамж чухал байдаг. “Анна Каренина”-гаас хойш үзээгүй явсан дуу, гэрлийн төхөөрөмжүүд улам сайжирчээ. Түүнчлэн төрөл бүрийн бэлгэдэлт өгүүлэмжийг хүргэхэд ч эдгээр нь шинэлэг уур амьсгал оруулж, онцгой үүрэг гүйцэтгэв.
Модуны дүр омголон, эрэмгий. Б.Шинэбаяр хичээжээ. Модуны эх Могол хатанд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Арваадай хунтайжид “Анна Каренина” жүжгийн Вронскийгийн дүрээрээ алдартай Т.Сэргэлэн, түүний ээж Шунхуй хатанд Г.Отгонцэцэг, Лүүсүү ванд О.Гэрэлсүх, Түмэн Шаньюйд М.Түвшинхүү нар тоглож буй.
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэх “Уг жүжгийг УДЭТ маань хөглөн авч явсаар эдүгээ хүрлээ. Нийт 21 үзэгдлийг 10 болгон багасгаж, үзэгч та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Дэлхийн урлаг соёл асар хурдтай өөрчлөгдөж буй энэ үед үндэстний дархлааг бий болгож, үнэт зүйлээ эргэн харахын тулд тус жүжгийг шинэчлэн тавьж байна. Үүгээрээ бид шинэ идеал үүсгэж, төр дэх худал хуурмагийг илчилж буй” гэсэн юм. Харин ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Нийгэм тэр чигтээ юмсын хэлбэрийг чухалчилдаг тал руу хэлбийчихлээ. Ингэхээр хүн өөрийгөө хэн гэдгийг мартдаг. Бидний өвөг дээдэс бол агуу хүннүчүүд. Цаашид монголчууд хэн байхаа ухаарах хэрэгтэй болсон цаг үед эл жүжгийг толилуулж байна. Газар шороо, хэл соёл минь асар үнэ цэнтэйг ухаарах хэрэгтэй” гэв.
Тэрбээр тус жүжгийн гол дүрийг хэрхэн сонгосон тухайгаа “Жүжигт дүр сонгон шалгаруулна гэдэг нийт ажлын тал шахам нь юм. Б.Шинэбаярыг өсгөн “бойжуулсан” хүний хувьд би түүнийг мэднэ. “Ромео, Жульетта хоёр” жүжгийн гол дүрийг тэрбээр чадварлаг бүтээж, олны итгэлийг өндөрт өргөсөн нэгэн. Харин “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйгийн дүр бол итгэл үнэмшил, ур чадвар талаасаа жинхэнэ шалгуур. Энэ дүрийг амжилттай бүтээвэл “Би жүжигчин” хэмээн ам бардам хэлж болно. Тус дүрд тоглоход Б.Шинэбаярын ухаан, сэтгэл тэгширчээ гэж үзсэн тул түүнийг сонгосон” хэмээж байлаа.
“Тэнгэрийн хүү” Унгарын нийслэл Будапештад болох олон улсын фестивальд оролцох урилга хүлээн авсан аж. Ийм нэгэн жүжгээр УДЭТ хөшгөө нээлээ.
Д.ХҮСЛЭН