Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 92 дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт тохиолдлын 74 буюу 80.4 хувийг түймэр эзэлсэн бол хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, газар хөдлөлт нэг удаа бүртгэгджээ. Эдгээр осол, аюулт үзэгдлийн улмаас тус бүр нэг хүн гэмтэж бэртэн, нас барсан бол нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 иргэний амийг аварсан байна.
Хуурайшилтын үе тохиож буйгаас үүдэн ой, хээрийн болон объектын түймрийн эрсдэл, дуудлага нэмэгдсэнийг ОБЕГ-аас анхаарууллаа. Өнгөрөгч сарын 30-наас энэ сарын 6 хүртэлх хугацаанд 74 удаа түймэр гарсан нь өмнөх долоо хоногийнхоосоо 18-аар нэмэгдсэн дүн гэнэ. Үүний дөрөв нь ой, хээрийн, 70 нь объектын түймэр байж. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ой, хээрийн түймэрт 18 га талбай шатжээ.