Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т уг өвчний эмчилгээг хийж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн өнгөрсөн сараас хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Элэг, цөс, нойр булчирхай, хөхний зарим төрлийн хавдрыг ангиографын тусламжтайгаар судсан дотуурх мэс заслын аргаар, эмэгтэйчүүдийн болон хэвлийн хөндийн эрхтний хавдрыг дурангаар эмчилж буй гэнэ. Энэ мэтчилэн хавдрын хүнд хэлбэрийн хими, туяа, бай эмчилгээнээс бусад тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа аж. Үүний хүрээнд УХТЭ-ийнхэн Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийг нээж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилж буй талаар мэс заслын зөвлөх эмч, доктор Ч.Энхболд хэлсэн. Тэрбээр “Манайх хавдрын оношилгоо, эмчилгээг хийхээс гадна мэс заслын дараах эмчилгээг MRI, CT, PET/CT-ийн тусламжтайгаар өндөр түвшинд хянаж байгаагаараа давуу талтай” гэв.
Салбарын яамнаас улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн ачааллыг багасгах зорилгоор орон нутгийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл хангаж эхэлжээ. Одоогоор Хэнтий, Өмнөговь аймагт элэгний хөнгөн хэлбэрийн хавдрыг судсан дотуурх аргаар эмчлэх боломж бүрдүүлсэн байна. Ирэх жилээс уг эмчилгээг бүрэн нэвтрүүлнэ гэж албаныхан хэлэв. Зарим аймаг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд хавдрын эмчилгээг ийнхүү хийдэг болсноор ХСҮТ-ийн ачаалал 60-80 хувиар буурна гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, иргэд цаашид хавдрын III шатлалын тусламж, үйлчилгээг авах гэж л ХСҮТ-д ханддаг болох аж.
О.ОРГИЛОХ