Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, эцэг, эх, асран хамгаалагчаас сард 20 000, жилд 192 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүнсний түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний үе шаттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, төлбөр тооцоо хийх “Aрта” хэмээх платформыг эцэг, эхчүүдэд санал болгож эхэлжээ. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хүүхдийнхээ хоолны нэхэмжлэхийг сар тутам хүлээн авч, төлбөрөө төлөх боломжтой. Цаашдаа хоолны түүхий эдийн нийлүүлэлтээс эхлээд боловсруулах хүртэлх бүх шат дамжлагатай холбоотой мэдээллийг үүгээр авч, хяналт тавьж болох гэнэ.
Эцэг, эхчүүд ашигладаг утасныхаа төрлөөс хамаараад “Play store” болон “App store” аппликэйшнээс “Арта”-г татан авч, суулгах боломжтой. Үүний дараа асран хамгаалагчийн бүртгэл хэсэгт овог, нэр, цахим шуудан, утасны дугаар, төрсөн он, сар, өдрийн мэдээллээ оруулж, хадгална. Дараа нь нууц үг үүсгэж, хүүхдийнхээ ангийн багшид хандсанаар бүртгэлээ баталгаажуулдаг аж. Ингээд л тус аппликэйшнийг ашиглах эрх үүсдэг байна. Түүнчлэн уг аппликэйшнээс цэцэрлэгийн багачуудын нас, сэтгэхүйн онцлог, хүсэл сонирхол, эрүүл мэнд, хооллолттой холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, зөвлөгөөг хүлээж авах боломжтой.