Унгарын Зомбатли хотод болсон спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад ур чадвараа сорив. Эрэгтэйчүүдээс үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Энхтүвшин харайлтын төрөлд 14 083 оноо авч, III байрт шалгарсан. Ингэснээр тэрбээр дээрх тэмцээнээс медаль гардсан анхны тамирчин боллоо.
Түүнтэй өрсөлдсөн оролцогчдоос Казахстаны Ассан Салимов 14 300 оноогоор түрүүлж, Болгарын Даниел Трифонов 14 150 оноотой удаалжээ. Манай тамирчин ОХУ-ын Казань хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон “Brics-2024” наадмын тэмцээнд 17 орны 70 гаруй тамирчинтай өрсөлдөхдөө чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд шагналт V байр эзэлж байв. Мөн бариултай морины төрөлд 13 866 оноогоор хүрэл медаль зүүсэн билээ.