Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль хамгааллын ажилд оролцоход дэмжлэг болохуйц, таатай нөхцөл бүхий санхүүгийн хөшүүргийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар бий болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээллээ. Тодруулбал, тус хуулийн 22.9-д “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-т заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө” гэж тусгасан байна.
Энд дурдсан орлого олох зорилгогүй үйл ажиллагаа гэдэгт ой, амьтан, ус зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах ажлыг багтаажээ. Тэгвэл энэ чиглэлийн ажилд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн зардлыг тухайн жилд ногдуулсан орлогын албан татвараас нь хасаж, хөнгөлөхөөр холбогдох хуульд өөрчлөлт оруулсан аж. Хөнгөлөлтийн дүн нь тухайн жилийн татвар ногдуулсан орлогын нэг хувиас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Энэхүү заалтыг өнгөрсөн наймдугаар сарын 30-наас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2035 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дагаж мөрдөх нь.
Ж.Танан