Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ)-ноос олон улсын эрдмийн XIII чуулганыг “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буй. Тус чуулганыг угтсан гардан сургалтыг өчигдөр “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд зохион байгуулав.
Мөр болон тохойг хөдөлгөөний хүрээгээр нь хүний биеийн хамгийн том үе хэмээдэг аж. Тиймээс энэ үе хамгийн түрүүнд янз бүрийн өвчин мэдэрдэг, бас илэрдэг байна. Насанд хүрсэн хүмүүсийн 60 орчим хувь нь мөрний ямар нэгэн өвдөлтийг цөөндөө нэг удаа мэдэрдэг гэсэн судалгаа бий. Гэсэн ч хүмүүс үүнийг ачаалалтай ажил, эсвэл дасгал, хөдөлгөөний дараах шинж тэмдэгтэй андуурах нь олонтоо гэнэ. Тохирсон оношилгоо, эмчилгээ, хөдөлгөөн засал хийхийг МББХЗХ-ныхон зөвлөж буй.
Тус холбооны ээлжит сургалт өнөөдөр өвдөг, шагайн хөдөлгөөн засал эмчилгээний чиглэлээр үргэлжлэх аж. Мөн энэ сарын 10, 11-нд мэргэжлийн тамирчдад зориулсан хөдөлгөөн заслын сургалт явуулах юм байна.
Ташрамд, “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” чуулганд 100 гаруй хүн оролцох бөгөөд тэдний 30 орчим нь гадаадын эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн болохыг МББХЗХ-ынхон хэлсэн.
О.БАТ