Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол Нэг цэгийн үйлчилгээнд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ. Тодруулбал, эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлсэн юм байна. Гэсэн ч үүнийг мэдээгүй иргэд харьяа дүүргийнхээ Нэг цэгийн үйлчилгээнд ачаалал үүсгэн, дугаарласан хэвээр байгааг улсын бүртгэгч нар хэллээ. Гадаад паспортын зургийг гэхэд л өмнөх шиг заавал “угаалгаж”, улсын бүртгэгчид өгөх шаардлагагүй болсон гэсэн үг.
Тухайн гэрэл зургийн студидээсээ photo.burtgel.gov.mn сайт руу өөрийн зургийг, регистрийн дугаарын хамт илгээхэд л хангалттай. Үүний дараа “И-Монголиа”-гаар паспортын хураамжаа төлөөд таны захиалга баталгаажина. Хэрэв цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол Нэг цэгийн үйлчилгээн дэх “Хурдан” системээр картаар, эсвэл төлбөрийн бусад аргыг сонгон хураамжаа төлөх боломжийг дүүргүүдэд бүрдүүлжээ. Ташрамд, цахим гадаад паспорт шинээр авах, сунгуулах хураамжийн төлбөр 83 600 төгрөг аж.
О.ОРГИЛОХ