Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт чиглэл өгөх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Тус журмын 2.1.5-д “Аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч химийн бодис хадгалах агуулах стандартын шаардлага хангасан, эсэхэд дүгнэлт гаргана” хэмээн тусгасан. Үүний дагуу салбарын яамнаас Химийн хорт болон аюултай бодисын агуулахад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж баталж, аймаг, нийслэлийн Байгаль орчны газруудад хүргүүлэн, мэргэжилтнүүдийг ийнхүү нэгдсэн мэдээллээр хангав.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар эл журмын хүрээнд газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний болон судалгаа шинжилгээний хүрээлэн, хяналтын лаборатори, их, дээд, дунд сургууль, эмнэлгийнхээс бусад агуулахын аюулгүй байдлыг дүгнэх нь. Ингэхдээ агуулахын газрын зөвшөөрөл, кадастрын зураг, эрсдэлийн үнэлгээ, ослын үеийн ажлын төлөвлөгөө зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг үндэслэн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах юм байна.
Н.МИШЭЭЛ