Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар энэ сарын 10-13-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн дараа дээд түвшинд хийж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны ард түмний үндэсний удирдагч, хууль тогтоох дээд байгууллага Ардын зөвлөл буюу Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хэлэлцээ хийх юм байна. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийг Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан олон улсын форумд хүндэт зочноор урьжээ.
О.ОРГИЛОХ