Дулааны гуравдугаар цахилгаан станцын Зуухан цехэд засварчин, мастераар насаараа ажиллаад гавьяаны амралтандаа гарсан Шаравын Шаарий агсан дөрвөн хүү, хоёр охинтой. Түүний дөрвөн хүү дөрвүүлээ аавынхаа ажил мэргэжлийг үргэлжлүүлж, хоёр нь цахилгааны инженер, хоёр нь цахилгаанчид болцгоожээ. Өдгөө том хүү, Ш.Цогтбаяр УБЦТС ТӨХК-ийн Ашиглалт засварын баруун төвийн, гурав дахь хүү Ш.Түвшинбаяр нь Ашиглалт засварын зүүн төвийн Шуурхай үйлчилгээний хэсэгт тус тус ахлах монтёроор ажилладаг. Энэ нийтлэлийн баатар болох том хүү Ш.Цогтбаяр нь 1994 онд нийслэлийн 40 дүгээр сургуульд дунд боловсролыг эзэмшээд өөрийн хүслийг дагаж Барилгын нэгдүгээр техник мэргэжлийн сургуулийг 1996 онд цахилгаанчнаар, Барилгын коллежийг 1999 онд техникчээр, ШУТИС-ийн ЭХИС-ийг 2014 онд цахилгаан автоматикийн инженерээр тус тус суралцан дүүргэсэн байна. Ажлын анхны гараагаа аавынхаа ажиллаж байсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын Цахилгаан цехийн туслах монтёроор эхэлсэн Ш.Цогтбаяр тэндээ жил гаруйхан ажиллаад УБЦТС ТӨХК-ийн Диспетчерийн албанд 2004 оны долдугаар сард ээлжийн туслах монтёроор иржээ.
Тэр үеэс хойш Диспетчерийн алба, Ашиглалт, засварын баруун төвийн Шуурхай үйлчилгээний хэсгийн монтёр, ахлах монтёрын ажлыг тасралтгүй нэр төртэй гүйцэтгэн чамгүй чадваржиж, бүр компанийн 2017 оны шилдэг монтёроор шалгарч байв. Энэ хорин жилийн хугацаанд инженер болтлоо суралцсан ч Диспетчерийн шуурхай үйлчилгээний монтёр гэх ажлын байрандаа үнэнчээр үлдсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Тиймдээ ч ШУТИС төгссөн тэр жил диспетчер инженерийн ажлын байрны санал ирэхэд нь татгалзсан. Харанхуй болсон хэн нэгнийг гэрэл цахилгаантай болгож өгөөд, баярлалаа гэх хариу талархлын үг, бахархсан харцанд гагцхүү манай үе, үеийн монтёрууд л ойлгож чадах урмыг авч, сэтгэл нь тэнийдэг нэгэн.
Түүнийг ажилдаа нямбай, маш хариуцлагатай ханддаг, аваар олж, устгах өөрийн гэсэн арга техниктэй, тэрийгээ чадамгай хийдэг гэж хамт олон нь үнэлдэг. Энэ тухай өөрт нь дуулгахад “Энэ чадварыг надад бий гэж үзвэл, анх энэ компанид ээлжийн туслах монтёроор ажилд ороход нь дагалдуулж өгсөн Толягийн Ганболд багшаасаа л сурч мэдэж авсан байх. Сурсан ч юу байхав, одоо ч сурсаар л явна. Миний багш туслах монтёроос ахлах монтёр болж жинхэлтэл маань намайг дагуулж сургасан, жинхэнэ шуурхай үйлчилгээний монтёр хүн дээ” гэж чин сэтгэлээсээ хүндэтгэлтэйгээр өгүүлсэн. Ш.Цогтбаяр өнөөдөр өөрөө ч бас арав гаруй шинэ монтёрыг дагалдуулан сургасан туршлагатай багш билээ. Багын л хөдөлгөөнтэй, олныхоо дунд байж, гадуур явж ажиллах дуртай түүний сонирхлыг хотын булан, тохой бүрийг нэгд нэгэнгүй сүлжин давхиж, өнгө өнгийн амьдралыг үзэж таних боломжийг олгодог шуурхай үйлчилгээний монтёрын ажил нь илүүтэй татсан бололтой. Тиймдээ ч оффисд олон цагаар сууж ажилладаг инженерийн ажлын байрнаас татгалзаа биз ээ.
Ш.Цогтбаярын ажилдаа баримталдаг зарчим, дагалдан яваа болон туслах монтёртоо тавьдаг шаардлага ч тодорхой. Нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чандлан сахих, хоёрдугаарт схем горимын өндөр мэдлэгтэй байх, гуравдугаарт ямар ч ажилбарыг яаралгүй, гадны нөлөөнд автахгүйгээр тайван, нягт нямбай гүйцэтгэх. Тэрээр бас шуурхай үйлчилгээний монтёр бол хурдан сэтгэдэг, самбаачлах чадвар өндөртэй байх ёстой гэж үздэг. УБЦТС ТӨХК-д ажиллах хугацаандаа олон удаагийн аваар, гэмтлийг олж, устгахад оролцож байсны томоохноос дурдвал 2008 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцад гал гарахад, 2018 онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тэг зогсолт болж, ихэнх хэрэглэгчид тэр чигтээ цахилгаангүй болоход гэмтэлтэй хэсгийг тусгаарлан, гэрэл цахилгаангүй болсон хэрэглэгчдийн хэрэглээг богино хугацаанд сэргээсэн зэргийг нэрлэж болно.
Түүнээс амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртайг нь асуухад дартс тоглож, гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө аялж, гарын хоолоо хийж дайлах дуртай. Спортод хөөрхөн сонирхолтой. Дөрвөн яамдын дунд болдог байсан олон төрөлт спортын тэмцээнээс дартсаар алтан медаль авч байсан гэхэд нь одоогоос арай залуу байхдаа бас компанийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд ордог байсныг нь сануултал, нээрэн тийм, багаараа мөнгөн медаль хүртэж байсан гэлээ. Гэргий Г.Энхцэцэг нь эдийн засагч мэргэжилтэй, тэд том болсон хоёр хүүхэдтэй. Тэрээр өдий зэргийн амжилттай ажиллаж яваа минь өдөр, шөнө, ээлжнээс буугаад дөнгөж харьсан гэх зэргээр ямар ч үед дуудагдахад сэтгэл санаа тайван, нойр, хоол, бүх юмаар нь бэлэн байлгаж, халамжилж чаддаг ханийн минь л хүч. Бидний ажилд сэтгэл санаа тайван байх их чухал гэж онцлон хэлсэн.
Хаа нэгтэйгээс хэн нэгний сандруухан өгсөн дуудлагаар шар гэрэлтэй дохиоллоо хангинуулан давхих машинд шуурхай үйлчилгээний ээлжийн ахлах монтёр туслах, жолооч нарынхаа хамт хаанаас нь ч асуухад арван хуруу шигээ мэддэг болсон ч схем горимоо дахин дахин нягтлан яваа. Үүрэгт ажил нь хоногийн аль ч цагт түүртэхгүйгээр ажиллахаас эхлээд цахилгаан соронзон орны нөлөөлөл, өндөр эрсдэлтэй нөхцөлд өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, амь насыг алхам тутамдаа хариуцангаа гэмтлийг хайх, олох, тусгаарлах, устгах, рапорт өгч дуусах хүртлээ мэргэжлийн ур чадварыг тултал шаарддаг хүнд хөдөлмөр. Тиймдээ ч энэ ажлыг хийж явсан ахмадуудаас гавьяаны амралтаа гавьтай удаан эдэлсэн нь ховорхон гэлцдэг. Ажлын цаг эхлэхээс дуусах хүртлээ аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг нэн тэргүүнд тавьдаг шуурхай үйлчилгээний хэсгийн монтёруудын ажил бусад хэсгийнхэнтэй харьцуулахад ажлын байр бэлтгэгдээгүй, хүчдэлтэй нөхцөлд ажилладгаараа ялгаатай. Шуурхай үйлчилгээний монтёрууд бол ямар ч аваар ослын газарт очоод диспетчер инженерүүдэд тухайн нөхцөл байдлыг харсан мэт мэдээлэл өгч ойлгуулж чаддаг, бие даан ажиллах бүрэн чадвартай, тусгайлан бэлтгэгдсэн, шилмэл эрчүүд байдаг.
Шуурхай үйлчилгээний хэсгийн ахлах монтёр Ш.Цогтбаяр нь аавынхаа ажил мэргэжлийг үргэлжлүүлэн нийслэл хотынхоо голомтыг сахих үүргээ нэр төртэй биелүүлж, түгээх сүлжээний зуу зуун монтёр, багш-шавийн төлөөлөл болон бид бүхний дунд гялалзаж явна.
Д.Цэнгэлмаа