Сэтгүүлчийн олон улсад өсөн дэвших боломжууд" сэдэвт уулзалт, сургалт өнөөдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд боллоо. Уулзалтын гол зочин бол доктор Дэвид Гракон байв. АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Дээрх хагас өдрийн сургалтаараа тэрбээр гурван улс оронд ажилласан сэтгүүл зүйн жишээ баримт дурдаж, Монголын сэтгүүлчид хамрагдах боломжтой Фулбрайт хөтөлбөр, тэр дундаа сэтгүүлчид олон улсад өсөн дэвжих, төсөлд хэрхэн хамрагдах, гадаадад болж буй уулзалтад яаж оролцох боломжуудын талаар мэдээлэл солилцсон билээ. Нэн тэргүүнд доктор Дэвид Гракон манай сэтгүүлчдийг “The Annual Izzy Award”-д бүтээлээ илгээх боломжтойг дурдав.
“The Annual Izzy Award”-ын гол онцлог нь уламжлалт сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг редакц болон чөлөөт сэтгүүлчдээс бүтээл авдгаараа онцлог гэнэ. Улмаар “The Annual Izzy Award”-д шалгарсан шилдэг бүтээлүүдийг танилцуулж, илүү дэлгэрүүлж унших холбоосыг тараасан юм. Жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдааны шагнал нь 25 000 ам.доллар байдаг ажээ.
Ноён Дэвид Гракон үргэлжлүүлэн сэтгүүлчдэд зөвлөхдөө “Олон улсын уралдаанд сойх материал бусад бүтээлээс ялгарсан байх учиртай. Нийгмийн тулгамдсан эсвэл онцгой асуудлыг хөндсөн байх нь чухал. Сэтгүүлч өөрийн гэсэн шинэлэг санаатай байх нь юу юунаас илүү давуу тал, сайн чадвар юм. Дээр нь судалгаа гүйцэтгэл сайтай байх нь чиний бүтээлийг төгс болгоно. Уралдаанд бүтээлээ хэт эрт юм уу, цагийг нь тулгаж илгээх нь зохисгүй. Мөн бүтээлийн эхний 1-3 минут их чухал. Үүнээс цааш хүн уншиж, үзэж байвал чи сэдвээ зөв эхлүүлжээ гэсэн үг. Эцэст нь хоёр зүйл хэлье, нэгдүгээрт, уралдаанд түрүүлсэн өмнөх бүтээлүүдийг нь судлах нь чамд давуу тал үүсгэнэ. Хоёрдугаарт, уралдааны удирдамжийг маш сайн ойлгож унш” хэмээн зөвлөсөн юм.
Мэдээллийн төгсгөлд сургалтад хамрагдсан сэтгүүлчид Дэвид Граконыг асуултаар “булав”.
Дараа нь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл Фулбрайт хөтөлбөр болон бусад АНУ-ын солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн. "Fulbright Specialist" буюу Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөр нь Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй.
Мөн "Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв"-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо, Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн, Үнэлгээ мониторинг хариуцсан менежер Ж.Өнөмөнх нар олон улсын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Тодорхой хэлбэл, тус төвийнхөн "Fulbright Specialist" буюу Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтнийг урьж ирүүлэх хөтөлбөрт хоёр удаа тэнцэж байжээ.
"Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв" болон Монголын баримт шалгах төвөөс сэтгүүлчдийг The Annual Izzy Award-д оролцоход нь гүүр болох юм байна. Үүний тулд “Баримт нэн тэргүүнд” сэтгүүл зүйн уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь “Баримт нэн тэргүүнд” сүлжээний үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах, олон салбар дахь хуурамч мэдээллийг сурвалжлах, олон нийтэд таниулах юм. Уралдааны нийт шагналын сан 12 сая төгрөг бол тэргүүн бүтээлд 5, удаах байрт 4, гуравдугаарт байранд шалгарсан бол 3 сая төгрөг гардах юм байна. Улмаар шалгарсан бүтээлийг The Annual Izzy Award-д илгээх аж.