“Цахимд зөв байя” уриатай, кибер аюулгүй байдлын сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттай явуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ынхны хамтран зохион байгуулж буй эл сургалтаар иргэдийн цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг нь сайжруулж байгаа аж.
Орон нутгийн ээлжит сургалтыг энэ сарын 7-нд Дундговь аймагт явуулжээ. Сургалтад төрийн 185 албан хаагч хамрагдаж, тэдэнд кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, хамгаалах, цахим ул мөрөө зүй зохистой удирдах, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний 10 орчим сэдвээр албаныхан хичээл заасан байна.
Манайд ухаалаг төхөөрөмж, интернэт хэрэглэгчийн тоо өдөр бүр нэмэгдэж буй ч кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай ойлголт, мэдлэг дутмаг. Үүнээс үүдэн кибер халдлага, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол олширсныг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрынхан хэлсэн. Тухайлбал, тус газраас хийсэн цахим ур чадварын судалгаагаар иргэдийн 73 хувь нь ийм мэдлэг, мэдээлэл хомс, үлдсэн нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах түвшинд л байгааг тогтоожээ. Тиймээс салбарын холбогдох албаныхан “Цахимд зөв байя” бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар зохион байгуулж буй нь энэ.
О.ОРГИЛОХ