БНХАУ-д анх удаа чихрийн шижин өвчнийг үүдэл эс ашиглан эмчлэх туршилт амжилттай болсон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өмнө нь дөрөвдүгээр сард Шанхай хотод амьдардаг 59 настай, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй эрэгтэйг ийм туршилтад хамруулсан бол энэ удаа Тяньжинь хотод оршин суудаг, 25 настай, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй эмэгтэйд мэс ажиллавар хийсэн нь амжилттай болсон аж. “Дахин программчлагдсан” буюу инсулин үйлдвэрлэх боломжтой үүдэл эсүүдийг түүнд шилжүүлэн суулгаснаас гурван сар гаруйн дараа нойр булчирхай нь хэвийн хэмжээнд энэ төрлийн дааврыг ялгаруулж эхэлсэн гэнэ. Үүнээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд өвчтөний биед ямар нэг ноцтой өөрчлөлт, зовуурь илрээгүй, үр дүн сайн байгааг Канадын Альбертагийн их сургуулийн судлаач, мэс засалч Жеймс Шапиро хэлжээ.
Дэлхий дахинд хагас тэрбум орчим хүнд тулгараад буй чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үүдэл эс ашигласан цөөн хэдэн анхдагч, амжилттай туршилтын нэг нь энэ гэж тус сэтгүүл дэх нийтлэлд дурджээ. Ийм туршилтад ихэнх тохиолдолд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулсан байдгийг онцлоод, “Тэр бол өөрийнх нь биеэс гаргаж авсан эсүүдийн тусламжтайгаар энэ төрлийн өвчнөө эмчлүүлсэн анхны хүн” гэсэн байв.
бээжингийн их сургуулийн эсийн биологич дэн хункуй болон түүний хамтрагчид энэхүү судалгаа, туршилтын явцад нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчтэй гурван хүний эсийг ялган авчээ. Үүнийг ямар ч төрлийн эс болгон хувиргаж, ашиглах боломжтой гэнэ. энэхүү хувиргалтын техникийг киотогийн их сургуулийн судлаач, биохимич шинья Яманака хэмээх эрдэмтэн боловсруулж, нобелийн шагнал хүртсэн аж.
Н.ГАН