Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Анхны 126 гишүүнтэй парламентыг “стратегич”-аар удирдуулсан нь
Дашзэвэгийн Амарбаясгалан. ШУТИС, МУИС-ийг төгссөн, цахилгаан холбоо, мэдээлэл хэмжлийн электроник, улс төр судлаач мэргэжилтэй. “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр түүний хувийн бизнес. “Монгол шуудан” төрийн өмчит компанид газрын дарга хийж байсан түүнийг хэвлэл мэдээллийн салбарт ойр гэж үздэг. Тиймээс ч 2009 онд түүнийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдоход хэн ч гайхсангүй. Гэтэл тэр үеэс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод өдгөө хүртэл тасралтгүй улстөрч, тэр тусмаа эрх баригч намын удирдлагын тэргүүн эгнээнд явсаар төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүртлээ “оройд залрах” юм гэж төсөөлөөгүй биз ээ. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш намаа ялуулахдаа парламентын 76 суудлаас 65-ыг нь, 62-ыг нь авч, амжилттай оролцсоны дараа түүнд сайдын албан тушаалд очих боломж байсан. Гэвч тэрбээр энэ талаарх элдэв таамаглал гарах бүрт тэсэж үлдсээр. “60 тэрбумын албан тушаалын наймаа”, “ЖДҮ-чин” гэхчлэн түүний оролцоотой олон хэрэг явдал гарсан боловч няцаах ч үгүй, уучлал ч гуйлгүй гүрийсээр өнөөдрийг хүрсэнд нь бухимдах хүн цөөнгүй. Эцэст нь яаж тэсэх вэ гэгчээр ЗГХЭГ-ын даргаар томилогдов. Парламентын “домог” шахам болсон Ц.Нямдоржоос хүлээн авсан энэ суудал түүнийг “бараг л Ц.Нямдорж” болгон харагдуулав. Харин Д.Амарбаясгалан үүнийг сайн залгамжилж, яг л Ц.Нямдорж шиг УИХ-ын дарга болчихлоо. Сонирхолтой нь, парламентад анх удаа гишүүнээр сонгогдоод, анхны 126-г удирдаж байна. Намынхаа дотоод, гадаад зөрчлийг эвээр цэгцэлж, ямар менежер болохоо харуулсан түүний өмнө таван нам, эвслийн 126 гишүүний ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын тохироо сэлтийг имэрч, мэдэрч эрх зүйн шинэчлэлийн реформ хийх том зорилго бий. Алтайгаас ирээд нийслэл минийх, нийслэлээс нам минийх, намаас парламент минийх гэж ахисаар өнөөдрийг хүрсэн Д.Амарбаясгалангийн дараагийн карьер хаана байхыг таашгүй.
У.Оргилмаа