“Хиппо-2024” англи хэлний олон улсын олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртжээ. Тодруулбал, тус тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтыг Италийн Ассиси хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан бөгөөд манайхаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтан төрсөн байна. Өнөө жил тус олимпиадад 67 орны 88 230 сурагч оролцсоноос 250 нь “World final” шатанд шалгарсан аж. Тэдний 16 нь монгол сурагч бөгөөд ийнхүү эх орноо төлөөлөн тэмцээндээ амжилттай оролцжээ.
Олимпиадын “Hippo S3” ангиллын мөнгөн медалийн эзнээр “Орчлон” сургуулийн сурагч А.Оюутгоо тодорсон бол “Hippo S1” ангилалд мөн тус сургуулийн сурагч Ж.Сийлэн хүрэл медаль хүртсэн байна. Тэгвэл “Hippo S2” ангилалд “Хобби” сургуулийн сурагч Н.Амин-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ. Мөн “World final”-ын үеэр зохион байгуулсан “Survival Italian lesson & Challenge for students” сорилын ялагчаар “Оюунлаг” сургуулийн сурагч С.Дөлгөөн шалгарав. Ташрамд, тус олимпиад нь гурван үе шаттай бөгөөд энэ жил манай улсаас нийт 5374 хүүхэд оролцжээ. Үүнээс 11 нь шууд дэлхийн финалд шалгарсан юм байна. Мөн 75 сурагч Хонконгод болсон бүсийн сонгон шалгаруулалтад тэнцэж, 19 хүүхэд шагналт байр эзэлсэн амжилттайгаар эх орондоо иржээ.