Манай улсад үйлчилгээ нь сайжирдаггүй, үйлчлүүлэгчид ч тасардаггүй, урагш хөгждөггүй, улам л ухарсаар буй олон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Төр засгийн бодлогын олон жилийн алдаа завхрал эл салбарыг өндийхөөргүй болтол нь дарлажээ. Өнгөц харвал, эрүүл мэндийн салбар чухам хөгжөөд, эмчилгээний олон арга, технологи нэвтрүүлэн, улсын хэмжээний эмнэлгүүд нь тоног төхөөрөмжөө шинэчилж, барилга байшингаа томруулан, хүний нөөцөө тасралтгүй мэргэшүүлж буй. Гэвч ч том зургаар нь харвал тус салбарын “хөгжил” иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байна. Улсын эрүүл мэндийн бүх байгууллагад хүний нөөц дутагдалтай, тэр хэрээр тусламж, үйлчилгээ доголдож, чанар нь муудсан. Эрүүл мэндийн даатгалын сан нь эмнэлгүүддээ өчнөөн тэрбум төгрөгийн өртэй. Үүний улмаас эмнэлгүүдэд эм, тариа, өндөр хүчин чадалтай аппарат, төхөөрөмжийн урвалж бодис байнга тасарч, бусад багаж хэрэгслийн нийлүүлэлт ч доголдох болсон. Энэ бүхний эцэст иргэд эрүүл мэндийн даатгалаараа хуульд заасанчлан хүссэн үйлчилгээгээ авч чадахгүйд хүрлээ.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЭРЭЛД “ХАТАВ”
Эрүүл мэндийн салбарын хөгжил урагшлах биш, ухарсаар 1990 оныхоо түвшинд хүрч буйг илтгэх хэдэн үзүүлэлтийг одоо хүргэе.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нь хүний нөөцийн болон эм, тарианы хангамж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал зэргээс шууд хамааралтай. Гэвч манай эрүүл мэндийн байгууллагууд асрагч, сувилагчаас өгсүүлээд нарийн мэргэжилтнүүдийн хомсдолд ороод удаж буй. Тухайлбал, олон улсад сувилагч хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэгт зүй ёсоор багтдаг. Харин манайд уг мэргэжилтэй хүнийг “боол”-ын цалингаар ажиллуулж, гадуурхсаар эцэстээ эмнэлгүүд сувилагчийн эрэлд “хатах” болов.
Стандартаар нэг их эмчид хоёр сувилагч ногдох ёстой атал эдүгээ эл тоо нэгт ч хүрэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны судалгаагаар улсын хэмжээнд уг салбарт 66.3 мянган хүн ажиллаж байна. Үүний 21.9 хувь нь сувилагч. Эрүүл мэндийн нийт ажилтны 40.8 хувь нь хувийн эмнэлэгт ажилладаг гэхээр төрийн өмчийнхний хүний нөөц хэр дутагдалтай байгаа нь харагдана. Тиймээс эмнэлгүүд жишээ нь сувилагчийн дутагдлаа нөхөхийн тулд мэргэжлийн бус хүмүүсийг эгнээндээ олноор нэгтгэх болсон тухай салбарынхан нь шүүмжилж эхэлсэн. Тодруулбал, улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн эмнэлгийнх нийлээд 10 мянган хүн тутамд 42 сувилагч л ногдож буй. Энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд огт “хөдлөөгүй”. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлдэж, нийлүүлэх талд салбарын яам огт анхаараагүй. Төр засгийн түвшинд ч дорвитой бодлого хэрэгжүүлээгүй гэж хэлэхэд буруудахгүй. Нийт сувилагчийн 50.8 хувь нь бакалавр, үлдсэн нь дипломын боловсролтой туслах бол цөөн хувь нь ахлах, тэргүүлэх зэрэгтэй аж.
Салбарын хүний нөөцийн дутагдал сувилагчаар тогтохгүй. 10 000 хүн амд ногдох эрүүл мэндийн ажилтны тоо нийслэлд улсын дунджаас 47.1-ээр олон, бусад бүсэд 27.9-58.4-өөр бага байна. Ялангуяа орон нутагт хүний нөөц дутагдалтай, хуваарилалт тэгш бус байгааг эл үзүүлэлт харуулна. Тэр дундаа зүүн бүсэд хүний нөөц хамгийн бага буюу 10 мянган хүнд нийт ажилтны тоо 137.5 байгаа аж. Эдгээрээс Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Хэнтий, Архангай, Дорнод, Төв аймагт боловсон хүчин дутагдалтай. Үүний улмаас эмч, ажилчдын ачаалал хэт өндөр болсныг судалгаагаар тогтоож. Хүүхдийн эмч гэхэд л 10 мянган хүн тутамд 6-7 ногдох. Хамгийн доод стандартыг хангахын тулд улсад хүүхдийн 2000 эмч шаардлагатай гэнэ. Тодруулбал, 3.5 сая хүн амтай улсад төрийн болон хувийн эмнэлэгт нийт 731-хэн хүүхдийн эмч ажиллаж байхад стандарт хангах тухай ярих эрт аж.
ӨРИЙН “СҮЛЖЭЭ” УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДОГОЛДУУЛЖ ЭХЛЭВ
Салбарын хэмжээнд нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нь Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д аюул учруулж буйг бид мэдээлсээр буй. Үүнийг энгийнээр тайлбарлавал, эрүүл мэндийн байгууллагуудад өмнө нь тодорхой хэмжээний төсөв улсаас хуваарилж, түүнд тохирсон тусламж, үйлчилгээ үзүүл гэдэг байв. Харин 2020 оноос хойш салбарын санхүүжилтийг нэг худалдан авагчтай болгосноор эмнэлгүүд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ тоогоор мөнгө авдаг болсон юм. Үүнээс хойш эрүүл мэндийн төсөв, санхүүгийн систем үндсэндээ нурж эхэлсэн. Эмнэлгүүд нэг талаас санхүүжилт авахын тулд өвчтөний эрэлд “мордож”, тэр хэрээр тусламж, үйлчилгээний чанар, даатгалын үр ашгийг үнэлэх боломжгүй болсон нь Үндэсний аудитын газрынхны өнгөрсөн оны хяналт шалгалтаар илэрсэн билээ. Үүний улмаас санхүүжүүлэгч байгууллага тусламж, үйлчилгээ “худалдан авсны” төлбөрөө эмнэлгүүдэд төлж чадахгүй, их хэмжээний өрөнд уначхаад байгаа.
ЭМДС-гийн 2022 оны нийт өр 60.5 тэрбум байж. Тэгвэл өнгөрсөн онд эл дүн 218.3 тэрбум төгрөгт хүрч, 3.6 дахин өссөнийг аудиторууд илрүүлсэн. Нөхцөл байдал иймдээ тулчхаад байхад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан юу ч болоогүй мэт иргэдийг шимтгэлээ төлөхийг сануулж, нийгмийн сүлжээнд дарга, цэргээ өмөөрсөн шигээ суух. Сангийн өнгөрсөн оны нийт өр төлбөрийн 87.6 хувь буюу 191.2 тэрбум төгрөгийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын өглөг эзэлж байгаа. Даатгалын сангаас их хэмжээний авлагатай эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ эхнээсээ доголдож, урвалж, оношлуур, нарийн мэргэжлийн эм, тариагаа татаж чадахгүйд хүрч, өвчтөнүүд хохирч байна.
ЭМДС-гийн мөнгийг захиран зарцуулагчид баруун солгойгүй “цацсан”-ы улмаас нийт 250.4 тэрбум төгрөгийн зөрчил өнгөрсөн онд үүсгээд буй. Эмнэлгүүд одоо болтол сүүлийн 2-3 жилийн санхүүжилтээ бүрэн авч чадаагүй гэсэн. Үүний улмаас эмч нар иргэдэд даатгалаар үйлчлэхгүй хэмээж, эсвэл “мөнгөө төл” гэсэн нийтлэг шаардлага тавих болж.
Даатгалын санг “дааж давшгүй” өрөнд унагасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн, холбогдох салбарын сайд нар, ЭМДЕГ-ынхан гээд албаны хүмүүс бүгд өдгөө таг чиг. Үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоогоор нь эмнэлгүүдэд төсөв хуваарилж хүчрэхээ болиод 60 орчмынх нь санхүүжилтийг зогсоосноос өөрөөр арга хэмжээ аваагүй. Төсвөө “даахаа” болихоороо шууд даатгалаар үзүүлдэг тусламж, үйлчилгээг зогсоогоод л асуудлыг “шийдчихдэг” болж. Татвар төлөгчид энэ мэт үйлчилгээ авч чадахгүй хохирсоор байхад үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хачирхалтай.
“ӨВДӨӨД Л БАЙ, ҮНЭГҮЙ ЭМЧИЛЬЕ, ЭМ ӨГЬЕ”
Өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо олон улсынхаас урвуу шатлалаар явж ирэв. Ард иргэдийг зөвхөн эмчлэх гэж л салбарын санхүүжилтийн дийлэнх хувийг зарцуулж байна. Ингэхдээ тоног төхөөрөмж, эм, тариа худалдан авах, эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, барилга байгууламжаа олшруулахын төлөө л даатгалын мөнгийг урсгасаар байна. Тэр хэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал жилд их наядаар тогтохоо больж, даатгалын сан “модоо барьж” буй. 2019 онд эрүүл мэндийн зардал 823 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил 1.3 их наядаас хэтэрчээ. Ийм байхад жил бүр даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээний тоог олшруулж, эмийн жагсаалтыг өргөтгөсөөр. Тодруулбал, эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт жил ирэх тусам өсөж байгааг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно.
2019 онд 40.5 тэрбум төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлтөд даатгалын сангаас олгосон бол уг санхүүжилтийг 2021 оноос огцом өсгөжээ. Тодруулбал, 2022 онд 81.2, өнгөрсөн жил 89.9 тэрбум төгрөгийг эм нийлүүлэгчдэд нөхөн төлбөр байдлаар сангаас олгосон байна. ҮАГ-ынхан “Хөнгөлөлттэй эмийн тоо, санхүүжилтэд бус, чанарт нь анхаарах цаг болсон”-ыг эртнээс сануулсаар байгаа ч хэн ч авч хэлэлцдэггүй. ЭМДЕГ даатгалын сангийн санхүүжилтийг хянаж мэдэх ч одоо болтол гүйцэтгэлээ бодитой үнэлж, тайлагнаж сураагүйг аудиторууд илчилсэн. Тэд тусламж, үйлчилгээ “худалдаж авах”-ын төлөө л ажилладаг мэт. Гэтэл олон улсад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг аль болох хязгаарлаж, хэмнэж, багахан хувийг нь л эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, сангийн хөрөнгийн дийлэнх хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, иргэдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон анхан шатлалын эмнэлгүүдэд түлхүү хуваарилдаг гэсэн үг. Харин манайд энэ бүхэн дээр хэлсэнчлэн эсрэгээрээ. “Өвдөөд л бай, эмчилье. Үнэгүй эм өгье” л гэдэг. Нэг ёсондоо ард иргэдээ эмээр “угжиж”, тариагаар “бөмбөгдөж” буйдаа огтхон ч эмзэглэдэггүй гэсэн үг.
Эрүүл мэндийн салбарыг 1990 оноос хойш зах зээлийн зарчмаар нь хөгжүүлээгүйгээс, урьдчилан сэргийлэх систем бүрдүүлээгүйгээс хүн амын дундах өвчин, эндэгдэл “цойлсоор”, улсын эмнэлгүүд нь хар зах шиг болчихсон. Эмч, ажилтнуудын цалин хөлс бага хэвээр, амьдралын баталгаа нь ч өнөө хэр нь хангагдаагүй. Энэ бүхнийг үл тэвчиж, эмч, эмнэлгийн ажилтнууд үе үе “гудамжинд гарч” тэмцдэг юм. Тэдний ээлжит тэмцэл нь өчигдөр болов. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэд “Эрүүл мэндийн салбарыг төр засаг онцгой анхаар”, “Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны гажуудлыг засъя”, “Шөнийн цагийн нэмэгдлийг хуулийн дагуу олго”, “Цалин нэм”, “Салбарын тогтолцоог шинэчилье” гэх лоозон барьж, эрх баригчдад тодорхой шаардлагууд хүргүүлжээ. Өнгөрсөн хугацаанд ч тус салбарынхан ийм л шаардлага тавьж, жагсдаг байсан. Гэвч эдгээр асуудлыг төр засгийн түвшинд нухацтай авч хэлэлцэн, шийдсэн нь үгүй. Эрүүл мэндийн салбар ийм нөхцөл байдалтай хэдий хугацаанд оршин тогтнох вэ. Энэ байдал удаан үргэлжилбэл социализмын үеийнхээ “гуйлга”-ын систем рүү орж ч мэдэх нь.