Уран бүтээлч Р.Баясгалан 20 жилийн хугацаанд урласан “Хүннү монгол эрдэнийн шатар” бүтээлээ өчигдөр танилцууллаа. Уг бүтээлийг “Чингис хаан” үндэсний музейд гуравдугаар сарын 12 хүртэл байршуулж, олон нийтэд танилцуулах юм байна. Энэхүү шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82х82 см хэмжээтэй, 29 см-ийн өндөртэй. Уран бүтээлч Р.Баясгалан нь уг бүтээлдээ гууль, алт, мөнгөний уусмал, мод, байгалийн үнэт чулуу, төмөр, бусад түүхий эд зэргийг ашиглажээ.
Тэрбээр бүтээлдээ олон төрлийн хээр хуар ашигласан бөгөөд тэдгээр нь Хүннү гүрний тухай өгүүлж буй гэнэ. Жишээлбэл, Хүннү гүрний хаад оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадал, суу залиараа үеийн үед дурсагдаж буй тул омог бардам байдлыг шатрын ноёноороо илэрхийлэхийг зорьсон байна. Харин хөлгийн сууринд хүчирхэг гүрэн байсныг нь илэрхийлэхийн тулд элбэг баяныг бэлгэдэл усан хээг ашиглажээ. Ингэхдээ өвсөн, ургамлын хээгээр хөлгийг суурь хэсэгт мөнгөн 24 гөрөөс, дөрвөн булан нь алтан дөрвөн гөрөөс, голд нь дөрвөн луу дүрсэлсэн аж.
Шатрын хөлгийг хадгалах, сэвтэхээс хамгаалах зорилгоор авдрын хамт бүтээжээ. Эл авдар нь 49.9 кг жинтэй, урт нь 64, өргөн 40, өндөр нь 45 см юм байна. Авдрын их биед дахин давтагдашгүйн бэлгэдэл өвсөн хээг ургамлын хээн хамт дэвсгэрлэжээ. Авдрын таганд Хүннү гүрний хаан Модун шаньюйн титмийг дүрсэлсэн гэнэ. Харин гол хэсэгт нь Бөртэ чоно, Гуа Марал арга билгээр нэгдэж байгааг онцлон харуулсан юм байна. Авдрын даруулгад Хүннү гүрний үеийн олдвор болох хоёр бугын дүрсийг буулгасан аж. Мөн хөдөлшгүй, бат бөхийг бэлгэдэж багана хэсэгт нь Хүннү гүрний үеийн олдвороос сэдэвлэсэн дөрвөн луу сийлжээ. Хайрцгийн урд хэсэгт Хүннүгийн иргэдийн нар хэмээн үзэж, дээдэлж байсан бэрсийг сийлсэн байв.
Хүннү монгол шатрын хөлөгт Луут хотыг дүрсэлжээ. Ингэхдээ сүр хүчийг нь бататгахын тулд үүлэн, усан, ургамлын төлөв байдлыг дүрсэлсэн хээ ашигласан байна. Мөн хөлөгт луун толгойт дөрвөн яст мэлхийг дөрвөн зүгт харсан байдалтайгаар дүрсэлсэн нь орчлон ертөнцийн оршихуйн тухай утга санааг илэрхийлсэн гэнэ. Ийнхүү сийлэх болсон нь эртний монголчуудыг мэлхий улс гэж нэрлэж байсантай холбоотой аж. Яст мэлхийгээр урт удаан, амар амгалан оршин тогтнохыг бэлгэджээ.
Хүннү монгол эрдэнийн шатар нь Хүннү гүрний эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсон гэж судлаачид үзэж буй юм байна. Уг бүтээлээрээ дамжуулан шатар нь монголчуудаас гаралтай болохыг олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоо уран бүтээлч Р.Баясгалан хэлэв.
А.Үүл