Унгарын улсад эхэлсэн 45 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадад Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуунаар ахлуулсан үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлагад оролцож байна. Эл тэмцээний эхний өрөгт эрэгтэйчүүдээс I ширээнд их мастер Г.Амартүвшин, II ширээнд С.Чингүүн, III ширээнд Э.Баасансүрэн, IV ширээнд их мастер М.Амилал, V ширээнд Х.Итгэлт тоглож буй аж.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Т.Мөнхзул I, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул II, Д.Номин-Эрдэнэ III, Э.Хүслэн IV, Б.Мөнгөнзул V ширээнд өрсөлдөхөөр болжээ. Манай улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь чамлахааргүй амжилт байв. Тэднээс өмнөх хамгийн өндөр амжилтуудыг дурдвал, 1960 онд Л.Мягмарсүрэн IV, 1964 онд Т.Үйтүмэн II, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртсэн юм. Тус олимпиадад Монголын эрэгтэй шатарчид 1956, эмэгтэйчүүд 1963 онд анх оролцсон түүхтэй.