Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Б.Гарьдмагнай багийн бүрэлдэхүүнийг зарлажээ. Үндэсний шигшээгийн Зүүн Тимор улсын багтай тоглох тэмцээн Индонезийн Бали хотод өнөөдөр эхэлнэ. Саудын Араб улсад 2027 онд зохион байгуулах “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх плэй-оффын шийдвэрлэх хоёр тоглолтыг хийхээр манайхан бэлтгэлээ “Бали юнайтед” клубийн бэлтгэлийн төвд базаажээ. Плэй-оффын шатанд хожвол Азийн шилдэг 24 улсын нэгээр шалгарч, хэсэгт хуваарилагдах юм. Үүнээс цааш шалгарсан тохиолдолд финалын шатанд оролцох эрх авч, Саудын Арабыг зорино.
Ташрамд дуулгахад, Азийн клубийн түвшний тэмцээнүүд 2024-2025 оны улирлаас эхэлж шинэ зохион байгуулалтаар хөшгөө нээв. Анх удаа зохион байгуулах “AFC challenge league” тэмцээний зүүн бүсийн хэсгийн шатны тоглолт Монголд болох юм. 2023-2024 оны дээд лигийн аваргууд өөрийн талбайд хүлээн авах хүсэлт илэрхийлснээр ирэх сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 2 хүртэл хэсгийн шатны тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд өрнөнө. Малайзын Куала-Лумпур хот дахь Азийн хөл бөмбөгийн холбооны төв байранд өнгөрсөн сарын 22-нд тэмцээний хэсгийн шатны сугалааг зохион байгуулсан. Ингэснээр Индонезийн лигийн аварга “Мадура юнайтед”, Камбожийн “Приех хан рийч” багийнхан Монголын дээд лигийг тэргүүлсэн“СП фалконс” клубийнхэнтэй Улаанбаатар хотод тоглохоор болжээ.