Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км замыг хариуцдаг эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдож байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
Б.Баяндэлгэрийн хувьд өмнө нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Налайх дүүргийн Засаг дарга байхдаа бусдад давуу байдал олгож гадаадын аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байв.