АНУ-ын Миннесотагийн их сургууль сэтгэл судлал, тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйн хөтөлбөрүүдээрээ алдартай. Тус сургуулийнхан олон жилийн турш хүүхдийн хөгжил, зан төлөв, тэдний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Энэ удаад тэд хүүхэд насны траума буюу сэтгэлийн шарх, сэтгэл зүйн гэмтэл голчлон ямар шалтгаанаар үүсдэгийг тодруулахыг зорьсон байна. Бас хүүхдэд тохиолдсон таагүй үйл явдал, түүнээс улбаатай сэтгэлийн шархыг тоохгүй явснаар цаашдын амьдрал, харилцаанд нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг судалжээ.
Тодруулбал, хүн гараа зүсэх, эсвэл гэмтээхэд шарх үүсдэг. Үүний адилаар ямар нэгэн таагүй нөхцөл, гэнэтийн үйл явдлаас үүдэн сэтгэл зүй тодорхой хэмжээний цохилт авдаг. Улмаар сэтгэлийн шарх, гэмтэл үүсэхийг траума гэж нэрлэдэг юм байна. Хүний амьдралд хүүхэд насны дурсамжууд илүү тод үлддэг. Тэр дундаа таагүй мэдрэмж төрүүлсэн дурсамжуудаа хүн мартахгүй санасаар л байдаг гэнэ. Тиймээс хүүхдийн нас бага байх тусам сэтгэл зүйн гэмтэл авах магадлал нэмэгддэгийг судалгаагаар баталжээ. Учир нь бага насны хүүхэд өөрийгөө бүрэн ухамсарлаж ойлгож, илэрхийлэх чадвар нь сайн хөгжөөгүй байдаг. Тиймээс бага насанд авсан сэтгэл зүйн гэмтэл илүү хүчтэй, насанд хүрсэн хойно нь ч “дагасаар” байдаг аж. Өсөж том болох тусам сэтгэл зүйн дархлаа тэр хэмжээгээр дээшлэн, ухамсарлаж ойлгодог болж, улмаар сэтгэлийн шархаа даван туулах чадвар нэмэгддэг гэж үзжээ. Түүнчлэн өөрийгөө тусгаарлах айдас, нийгэмд дасан зохицох, сурлагын дарамт, үе тэнгийнхэнтэйгээ харилцах зэрэг хүчин зүйл нь хүүхдийн сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлдөг юм байна. Тиймээс эцэг, эхчүүд, багш, асран хамгаалагчид хүүхдүүдэд эдгээр бэрхшээлийг даван туулахад нь тусалж, эерэг, хүмүүжлийн орчныг бүрдүүлэх нь чухал юм байна. Бага насны хүүхэд тааламжгүй хэцүү байгаагаа ихэвчлэн уйлж илэрхийлдэг. Уйлна гэдэг өөрт төрсөн тухгүй мэдрэмжээ илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Мэдрэмжээ илэрхийлж сурсан хүүхэд ийм нөхцөл байдал дахин үүсэхэд шарх нь сэдрэхгүй, харин ч туршлагатайгаар даван туулах чадвартай болдог гэжээ.
Энэ судалгаа гарсантай холбогдуулан манай улсад ч эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах хэрэггүй гэлцэх болжээ.
Бэлтгэсэн У.Цэцэг