Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол өнгөрсөн сарын 31-нд батлагдсан. Үүнээс хойш дөрвөн хүн өвчилжээ. Өвчлөлийн хоёр тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн юм. Харин хоёр хүн нь дотоодоос халдвар авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Казахстан улсаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс уг өвчин анх илэрсэн бөгөөд тэдэнд үйлчилгээ үзүүлсэн хоёр хүн халдвар авсан гэнэ. Мөн улаан бурхны сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Одоогоор лабораторийн шинжилгээгээр эцэслэн батлаагүй байна. Ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авсан бөгөөд хариу сөрөг гарсан тул гэрийн хяналтад байлгаж буй гэнэ.
Улаан бурхны халдварлах чадвар 96-98 хувьтай тул анхаарал, сэрэмжээ алдахгүй байж, шаардлагатай хариу арга хэмжээ авах талаар Эрүүл мэндийн яамнаас нийслэл, орон нутаг, өрх, сумын 800 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нар нэн даруй арга хэмжээ авах, хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйд А аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар уулгах зөвлөмж өгсөн юм. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв болон өрхийн эмнэлэгт хүүхдүүдэд улаан бурхны эсрэг вакцин хийж байна. Мөн заавал хийх товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй хоёр хүртэлх насны хүүхдийг вакцин хийлгэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж буй. Харин насанд хүрэгчдэд вакцин хийж эхлээгүй бөгөөд энэ нь Эрүүл мэндийн сайд тушаал гаргаагүйтэй холбоотой аж. Одоогоор холбогдох салбарын мэргэжилтнүүд гурав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг хийж буй юм.
Бэлтгэсэн Ч.Туяа