Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Тэрбээр тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг. Түүнчлэн монгол иргэд БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай буйгаа Элчин сайдад уламжилсан юм. Тэрбээр эл саналыг таатай хүлээн авч, манай улсын эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Манай улсад өдгөө эмийн 43 үйлдвэр, эм ханган нийлүүлэх 443 байгууллага, 2021 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхээ салбарын сайд нь хэлэв. Өнгөрсөн сарын 21-ний байдлаар Монгол Улсад бүртгэлийн хугацаа нь дуусаагүй 4083 нэр, төрлийн эмийг зах зээлд худалдаж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ. Эмийн зах зээлд дотоодын бүтээгдэхүүн давамгайлж байна. Тодруулбал, Улсын эмийн бүртгэлд хамгийн олон бүтээгдэхүүн буюу 858 нэр, төрлийн эмийг дотоодоос бүртгүүлжээ. Дараа нь БНЭУ 511, БНСУ 437, ОХУ 244, ХБНГУ 226 нэр, төрлийн эмийг тус тус бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд борлуулж буй нийт эмийн 20.1 хувийг дотоодын үйлдвэр дангаараа хариуцаж буй юм. Харин 12 хувийг энэтхэг, 10.5 хувийг солонгос, 5.7 хувийг орос, 5.3 хувийг герман, 4.9 хувийг хятад эм эзэлж байна. Хамгийн бага буюу хоёр хүрэхгүй хувь нь украин эм, бүтээгдэхүүн аж. Манай улсад борлуулж буй эмийн багагүй хувийг БНСУ-аас нийлүүлж байгаа хэдий ч үүнийг улам нэмэгдүүлэхээр эрүүл мэндийн яамныхан ажиллах гэнэ.