Олон улсын хүүхдийн спортын Х наадмыг уржигдар “Найрамдал” цогцолборт нээлээ.
Энэ жилийн наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин оролцохоор иржээ. Тамирчид сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн үндсэн есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн наадамд үндэсний бөх, сур харвааг багтааснаараа онцлогтой.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга наадмыг нээж, үүний дараа Төрийн дуулалыг эгшиглүүлэн Х наадмын тугийг хүндэтгэн залсан. Тугийг манай улсын шилдэг тамирчид болох өсвөрийн жүдоч Г.Энхжин, байт харваач У.Нямбаяр нар залав. Мөн БНХАУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Ши Тянь Чан, ОХУ-ын жүдоч Александрович Никита нар туг залах ёслолд оролцсон юм. Манай улсын ширээний теннисний тамирчин С.Анхмаа тамирчны тангаргийг уншиж сонордуулсан. Үүний дараа шүүгчийн тангаргийг олон улсын хэмжээний шүүгч Б.Хулан уншиж, нийт шүүгчийг төлөөлж тангараг өргөлөө. Х наадмын бамбарыг боксын залуучуудын болон өсвөр үеийнхний улсын аварга Э.Төгс-Эрдэнэ асаасан нь ёслолын хамгийн оргил мөч байв.
Наадмын эхний өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын ордонд чөлөөт бөх, жүдо бөхийн тэмцээн боллоо. Мөн “Буянт-Ухаа” спортын ордонд волейболын эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэмцээн эхлээд байна. Түүнчлэн Спортын төв ордонд сагсан бөмбөг, ширээний теннисний “Оч” клубт теннис, “Найрамдал” цогцолборт бокс, байт харваа, үндэсний бөх, сур харвааны тэмцээн үргэлжилж буй аж.
Ташрамд дурдахад, олон улсын хүүхдийн спортын анхны наадам 2009 онд Улаанбаатар хотод болж байж. Тэгвэл удаахыг нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот, дараа жил нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулсан аж. Энэ жилийн наадмын зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо ажиллаж байгаа аж.