Эмэгтэйчүүдийн бадминтоны ганцаарчилсан төрлийн аваргууд өнгөрсөн даваа гарагт тодорлоо. Аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ан Сен Юн БНХАУ-ын Хэ Бинжаог ялсан юм. Сонирхолтой нь, өрсөлдөгч нь гэмтэж хасагдсанаар хятад тамирчин финалд тоглох боломжтой болсон бөгөөд Хэ Бинжао түүнийг хүндэтгэж буйгаа медалийн тавцанд гарахдаа илэрхийлсэн байна.
Медалийн тавцанд гарах түүний аялал ийн өрнөжээ. Тэрбээр хагас шигшээд тун амаргүй өрсөлдөгч буюу Испанийн К.Маринтай таарч, эхний үед 21:14-ийн харьцаатай илт давуу ялагдсан байна. Хоёрдугаар үед 10:8-ын харьцаатай хожигдож байх үед К.Марин өвдгөө гэмтээж, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүйд хүрчээ. 2016 оны олимпын аварга испани бүсгүй нулимс дуслуулан талбайг орхисон бол хятад тамирчин финалд шалгарав.
К.Марин бол дэлхийн шилдэг эмэгтэй бадминтончдын нэг юм. 2016 оны олимпын алтан медалиас гадна тэрбээр дэлхийд гурвантаа, тивдээ зургаан удаа аваргалсан. Тийм ч учраас хагас шигшээд хятад бүсгүйг илт илүүрхэж байсанд гайхах хэрэггүй юм. “Каролина маш сайн тоглож байсан бол би тун идэвхгүй байлаа. Өөрийгөө финалд шалгарна гэж огт бодоогүй” хэмээн Хэ Бинжао ярьжээ.
Алтан медалийн төлөөх тоглолтод тэрбээр 2023 оны дэлхийн аварга БНСУ-ын Ан Сен Юнтай таарч тоглосон. Ташрамд дурдахад, солонгос тамирчин өнгөрсөн жил дэлхийн аварга болохдоо финалд К.Мариныг ялж байжээ. Хэ Бинжао финалд өрсөлдөгчдөө хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүй 21:13, 21:16-гийн харьцаатай ялагдсан байна.
К.Марин гэмтсэнээр мөнгөн медаль зүүх замаа зассан Хэ Бинжао түүнийг хүндэтгэн, медалийн тавцанд Испанийн Төрийн далбаатай тэмдэг зүүж гарч ирсэн аж. “Хагас шигшээд таарсан өрсөлдөгч маань гэмтсэн учраас би энэ тэмдгийг барьж гарч ирсэн юм. Би түүний өмнөөс маш их харамсаж байна. Намайг Төрийн далбааг нь авч гарч ирснийг тэр харна гэдэгт найдаж байгаа. Түүнийг хурдан эдгэхийг хүсье” хэмээн Хэ Бинжао ярьжээ.