Спорт сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн эхэллээ. Шилдэг тамирчдын супер өрсөлдөөн, магадгүй дэлхийн дээд амжилтыг ч бид ирэх өдрүүдэд үзэх боломжтой. Ингээд хөнгөн атлетикийн заавал үзэх ёстой финалуудыг товч танилцуулъя.
А.ДЮПЛАНТИС ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ УУ
Швед залуу сүүлийн жилүүдэд тулгууртай харайлтын гол од болоод буй. 1994 оноос хойш эвдэгдээгүй байсан С.Бубкагийн 6.14 метрийн дээд амжилтыг Мондо 2020 онд нэг см-ээр ахиулсан. Түүнээс хойш дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа тогтоож, өнгөрсөн хавар цоо шинэ рекордоо 6.24 метр болгон шинэчилсэн билээ. Парист түүнийг 6.25 метр дээгүүр давж үсэрнэ гэдэгт олон хүн итгэлтэй байна.
Финал болох огноо: Энэ сарын 6-ны 01.00 цаг
БАРШИМ БОЛОН ТАМБЕРИ
Токиогийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээн сэтгэл хөдөлгөм байдлаар өндөрлөсөн билээ. Катарын Мутаз Баршим, Италийн Жанмарко Тамбери хоёул 2.37 метрийн өндрийг ижил тооны оролдлогоор давсан агаад алтан медалийн төлөө нэмэлт оролдлого хийлгүй харилцан тохиролцоод, хоёул алтан медаль хүртсэн.
Энэ удаад зохион байгуулагчид ийм тохиролцоог зөвшөөрөхгүй байх магадлалтай учир тамирчид эцсээ хүртэл өрсөлдөнө. Итали тамирчин энэ улиралд өндөр амжилт үзүүлсээр байгаа бол катар залуу тэмцээн уралдаанд бараг оролцоогүй. Тэр тусмаа өмнөх олимпын аваргуудын өрсөлдөөн сонирхолтой болох биз ээ.
Финал болох огноо:
Энэ сарын 6-ны 01.00 цаг
МАРТАГДСАН АМЖИЛТ ЭВДЭГДЭХ ҮҮ
К.Хожкинсон энэ улиралд 800 метрийн гүйлтэд бусдаас хол тасархай амжилт үзүүлж байгаа. Тиймээс Парист түүнийг аваргална гэдэгт бүгд итгэж байна. Энэ жил 22 настай британи бүсгүйд давагдашгүй хүчин зүйл саад болдоггүй л юм бол алтан медаль хүзүүндээ зүүнэ.
Тэрбээр энэ улиралд нэг минут 54 секунд 61 долийн амжилт үзүүлсэн агаад уг зайд ийм хурдан гүйсэн эмэгтэй тамирчин сүүлийн жилүүдэд гараагүй. Энэ зайд дэлхийн дээд амжилтыг (1.52.28 минут) 1983 онд Я.Кратохвилова тогтоож байсан агаад түүнийг Кили Парист эвдэх бүрэн боломжтой юм.
Финал болох огноо: Энэ сарын 6-ны 02.47 цаг
КЕРР, ИНГЕБРИГТСЕНИЙ ДУЭЛЬ
Я.Ингебригтсен бол 1500 метрийн зайд дэлхийн шилдгүүдийн нэг мөн боловч том тэмцээнүүдэд азгүйтдэг. Тухайлбал, сүүлийн хоёр ДАШТ-д энэ зайд Британийн Ж.Уайтман, Ж.Керр нарт ялагдаж байв. Парист Я.Ингебригтсений гол өрсөлдөгч нь чухам Ж.Керр байх болно. Британи гүйгч энэ улиралд норвег өрсөлдөгчтэйгөө нэг ч удаа таараагүй боловч түүнээс хурдан гүйж чадна гэж баталсаар буй. Хоорондоо бараг л дайсагнасан харилцаатай швед, британи гүйгчдийн дуэль Парист оргилдоо хүрч мэдэх юм.
Финал болох огноо: Энэ сарын 7-ны 01.50 цаг
АХМАДУУДЫН ӨРСӨЛДӨӨН
Та сүүлийн 20 жилд зуны олимпын наадам огт үзээгүй байсан ч Парист марафоны төрөлд танил нэрсээ олж харах боломжтой. 2004 оны Афины олимпын наадамд Африк тивийн төлөөлөл болсон залуу гүйгч К.Бекеле, Э.Кипчоге нар анх удаа оролцож байсан. Тэгвэл Парист 39 настай этиоп, 41 настай кени гүйгч нар оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Мэдээж тэд өдгөө дэлхийн хамгийн шилдэг марафончид биш боловч гайхалтай карьераа дурсамжтай төгсгөхийг хүсэж буй нь гарцаагүй. Ялангуяа Э.Кипчоге олимпын гурван наадмаас медаль хүртсэн анхны марафонч болохын төлөө уралдааны замд гарна. Гэхдээ түүнд ийм боломж тун бага юм.
Финал болох огноо: Энэ сарын 11-ний 14.00 цаг
Бэлтгэсэн Н.Энх