МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ БНХАУ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Усанд сэлэлтийн хамгийн сонирхолтой төрөл болох 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн дээд амжилт тогтоосон (46.80 секунд) 19 настай Пань Жаньлэгийн гайхалтай ялалтын ачаар БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд олимпын эхний өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Японы баг тамирчдын өмнө бичигдэх болов.
ТРИАТЛОНЧИД ЗАМД ГАРАВ
Маш олон бэлтгэл болон эрэгтэйчүүдийн уралдааныг цуцалсны эцэст олимпын наадмын триатлоны тэмцээн эхлэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Сена мөрөнд ямар нэг асуудалгүй явагдсан бол тамирчид дугуйн зам маш их халтиргаатай байсан хэмээн гомдоллосон байна. Мөн тэмцээний дараа уралдааны замыг шүүмжилсэн, эрүүл мэндэд нь нөлөө учруулсан талаарх ярилцлагыг цөөнгүй тамирчин өгчээ. Гэхдээ Франц улс боломжгүйг бүтээж, Сена мөрөнд уралдаан явуулсан талаар Ерөнхийлөгч Э.Макрон бахархалтайгаар мэдэгд сэн юм.
“МӨРӨӨДЛИЙН БАГ”-ИЙН ЭЭЛЖИТ ЯЛАЛТ
АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо Өмнөд Суданыг 103:86-гийн харьцаатай яллаа. Гэхдээ дэлхийн хамгийн залуу улсын баг энэ удаад америк оддын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан юм. Тэд олимпын өмнөх сорилго тоглолтод АНУ-ын багийг хожих дөхсөн билээ. Энэ хэсгийн нөгөө тоглолт Серби, Пуэрто-Рикогийн хооронд болж, Европын баг өрсөлдөгчөө 41 онооны зөрүүтэй хожжээ.
БРАЗИЛ ВОЛЕЙБОЛЧДОД ЮУ ТОХИОЛДОВ
Дэлхийн шилдгүүдийн нэг болох Бразилын волейболын эрэгтэйчүүдийн баг хоёр дахь ялагдлаа хүлээснээр хасагдах шатанд үлдэхгүйд хүрэх аюул учраад байна. Олимпын гурван удаагийн аварга багийн хувьд энэ нь жинхэнэ гамшиг болох билээ. Тэд өнөөдөр шийдвэрлэх тоглолтоо Египетийн багтай хийх бөгөөд өрсөлдөгчөө заавал 3:0-ийн харьцаатай хожих ёстой.
БАЯРТАЙ, РАФА
Талбайн теннисний эрэгтэй хосын төрөлд өрсөлдөж буй Испанийн Р.Надаль, К.Алькарас нар өөрсдөөсөө чансаа доогуур АНУ-ын Р.Рам, О.Крайчек нарт 2:6, 4:6-гийн харьцаатай ялагдаж, олимпоо өндөрлүүллээ. Испанийн домогт теннисч нийг карьерынхаа сүүлийн тоглолтдоо оролцсон байж магадгүй хэмээн спорт сонирхогчид таамаглаж байна.
ӨМНӨД, УМАРД СОЛОНГОСЫН ТАМИРЧИД ГЭРЭЛ ЗУРАГ АВХУУЛЖЭЭ
Ширээний теннисний холимог хосын төрөлд медаль хүртсэн Өмнөд болон Хойд Солонгосын тамирчид медалийн тавцанд хамтдаа зургаа авхуулсан нь энэ олимпын нэгэн онцлох үйл явдал байлаа. Дайсагнасан харилцаатай эл хоёр улсын тамирчид хэн хэнээсээ “бишүүрхэлгүй” гар барьж, хамтдаа зураг авхуулсан нь спортын гайхамшгийг харуулсан мөч болов.
ЗУРГААН ОНОО ХАСУУЛЛАА
Олимпын наадмын эхний өдрийн хамгийн таагүй дуулианы эзэд нь Канадын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн удирдлага болсон билээ. Тэд Шинэ Зеландын багийн бэлтгэлийг дрон ашиглан “тагнуулдаж” байгаад баригдсан. Үүний улмаас шигшээ багийн албаны гурван хүн нутаг буцаж, зургаан оноо хасуулснаас гадна 225 мянган ам.доллароор торгуулсан юм. Гэвч канад бүсгүйчүүд гялалзтал тоглож, хэсгийн гурван тоглолтдоо бүгдэд нь яллаа. Ийнхүү тэд Колумбийн багтай ижил гурван оноотой болсон. Гэвчч хоорондын тоглолтын харьцаагаар хасагдах шатанд шалгарав. Хэрэв тэд зургаан оноо хасуулаагүй бол есөн оноогоор хэсгээ итгэл төгс тэргүүлэх байжээ.
НАЙМ ДАХЬ АЛТ
АНУ-ын домогт усанд сэлэгч К.Ледецки 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүллээ. Ийнхүү тэрбээр нийт медаль (12-найман алт, гурван мөнгө, нэг хүрэл), тэр дундаа алтынхаа тоогоор нутаг нэгт Ж.Томпсонтой зэрэгцлээ. Ингэснээр тэд олимпоос хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй усанд сэлэгчид болов.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар