Л.Маршан долоодугаар сарын 31-ний лхагва гаргийн 20.42 цагт “Paris la defense arena” усан бассейны усан замын хананд гараа хүргэснээр энэ өдрийн хоёр дахь, дөрөв хоногт гурав дахь алтан медалиа хүртэх болзол хангалаа. Тэрбээр алтан медаль бүрээ олимпын дээд амжилт тогтоож хүртсэнийг нэмж дурдах нь зүйтэй болов уу.
Эл ялалтаас хоёр цагийн өмнө эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн сүүлийн 20 метрийн өрсөлдөөн үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Уг зайд ялалт байгуулсан Л.Маршан нутаг нэгтнүүдийнхээ баярт умбаж, медаль гардуулах ёслолын үеэр үзэгчид “Леон, Леон” хэмээн хашхирч, олон мянган хүн Францын Төрийн далбааг ордонд өргөх үед “Марсельез”-ийг дуулж байв. Гэхдээ Францын өмнөд хэсгийн Тулуз хотын уугуул, 22 настай залуугийн ялалтын марш дөнгөж эхэлж байлаа.
Тэрбээр 20.33 цагт дахин усан замд гарч, энэ удаад 200 метрийн өврөөр даллах төрөлд торолгүйгээр аваргалсан юм. “Paris la defense arena”-д цугласан 15 мянган хүн, телевизээр дэлхийн өнцөг булан бүрээс үзэж буй олон сая хүн Парисын олимпын анхны хошой алтан медальтныг ийнхүү өлгийдөж авсан. Агуу М.Фелпс ч ид үедээ олимпоос нэг өдөрт хоёр алтан медаль хүртэж байгаагүй билээ.
Усан спортын түүхэнд Зүүн Германы К.Эндер, Австралийн Ф.Лэйн, Унгарын А.Хажос нар л нэг өдөрт ганцаарчилсан хоёр төрлөөс алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Түүнчлэн Францын спортын түүхэнд нэг олимпоос гурван алтан медаль авсанхоёр тамирчин бий нь дугуйчин П.Массон (Афин-1896), уулын цаначин Жан Клод-Килли (Гренобль-1968) нарюм. Гэхдээ Тулузын уугуул энэхүү дээд амжилтыг өнөөдөр ахиулах өндөр магадлалтай. Учир нь түүнийг 200 метрийн зайд түрүүлж, олимпын дөрвөн удаагийн аварга болох бүрэн боломжтой гэж аналистууд үзэж байгаа. Хэрэв тийм зүйл болбол Л.Маршаны нэр усан спортын түүхэнд олон жил тодоор бичигдэх нь гарцаагүй.