Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испани, Япон, Нигерийн багтай нэг хэсэгт багтсан бразил бүсгүйчүүд хасагдах шатанд шалгарах боломжгүйд хүрээд байв. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтдоо Испанийн багт 2:0-ээр ялагдсанаар тун хүнд байдалд орсон. Гэвч тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр багийн нэг болсноор хасагдах шатанд “азаар” шалгарсан юм.
Уг тоглолтын онцлох үйл явдал эхний хагасын шүүгчийн мэдлийн цагт өрнөж, Бразилын довтлогч Марта эсрэг багийн хамгаалагч О.Кармонагийн толгойг санамсаргүй байдлаар өшиглөсөн. Азаар испани тоглогч ноцтой гэмтэлгүйгээр үргэлжлүүлэн тоглосон бол Мартад шүүгч эргэлзэлгүйгээр улаан хуудас өгч, талбайгаас хөөсөн байна.
Энэ жил 38 настай Марта бол Бразилын төдийгүй дэлхийн хөл бөмбөгийн амьд домгуудын нэг билээ. Тэрбээр Бразилын шигшээ багт (119) болон ДАШТ-д (17) хамгийн олон гоол оруулсан хөл бөмбөгч юм. Мөн таван ДАШТ-д гоол оруулсан анхны хөл бөмбөгч (түүний эл амжилтыг К.Синклер, К.Роналду давтсан).
Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүнийг дэлхийн шилдэг эмэгтэй хөл бөмбөгчөөр зургаан удаа тодруулсан. Энэ нь эмэгтэй хөл бөмбөгчдийн хувьд дээд амжилтад тооцогддог. Түүнчлэн 2007 оны ДАШТ, 2004, 2008 оны олимпын наадмаас тус тус мөнгөн медаль хүртсэн. “Парис-2024” олимпод япончуудтай өрсөлдөхдөө шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтдоо оролцсон зэрэг олон содон, гайхалтай амжилтын эзэн бол Марта.
Болчимгүй алдаа гаргаснаа Марта тэр даруй ойлгосон агаад шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэлгүй уйлсаар талбайг орхисон. Улмаар нэг тоглогч дутуу баг нь хоёр гоол алдаж ялагдсан юм. Түүний сэтгэл хөдлөлийг тайлбарлах өөр нэг шалтгаан бий. Мартагийн хувьд эл олимпын наадам шигшээ багийн хамт оролцох сүүлчийн тэмцээн болно гэдгийг өнгөрсөн хавар зарласан билээ.
Тэрбээр улаан хуудас авсан учраас Францын багийн эсрэг шөвгийн наймын тоглолтод оролцохгүй. Хэрэв Бразилын баг тэрхүү тоглолтод ялж чадахгүй бол Испанийн эсрэг өрсөлдөөн нь Мартагийн хувьд шигшээ багийн өмсгөлтэй хийсэн сүүлийн тоглолт болж үлдэнэ. Бразил, Францын багийн тоглолт маргааш Нант хотод болно.
Бэлтгэсэн Н.Энх