Төрийн тахилгат СУВАРГА ХАЙРХАН уулын тахилга наадам 2024 оны наймдугаар сарын 7-нд болно. Cуварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.
Суварга хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.
Суварга хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.
Хангайн нуруунд Суварга хайрхан уулаас өндөр олон уул байх боловч Суварга хайрхан уул шиг олон хүн биширч дахин шүтдэг өвөрмөц тогтоцтой, олон гол эх авсан, олон нуруунд салбарласан уулс ховор билээ.
2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон юм.