Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг баримт бичгүүдэд зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, генетик солилцоог хангах нөхцөл бүрдүүлэх зорилгоор экологийн коридор бүсүүдийг байгуулахаар тусгасан байдаг. Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газраас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай, Богдхан уулын дархан цаазат, Горхи, Тэрэлжийн болон Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг холбосон, зэрлэг амьтан чөлөөтэй нүүдэллэх экологийн коридоруудыг холбогдох байгууламжуудын хамт байгуулах санаачилга гаргажээ. Түүнчлэн коридор байгуулах газрыг хамгаалалтад авах шаардлагатай, эсэх талаар иргэд, олон нийтээс санал авч байгаа аж.
Дээрх газруудыг холбосон экологийн коридор байгуулснаар зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулж, тоо толгойн тогтвортой өсөлтийг хангаад зогсохгүй хотын ногоон бүсийн унаган төрхийг хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалах ач холбогдолтой гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл