Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна. Эл ажлыг орон нутгийн захиргааны байгууллагынхантай хамтран хэрэгжүүлжээ. Тарвага нь газрын хөрсийг эргэлтэд оруулж, үнэг, зараа, хярс зэрэг амьтны үүрийг бэлтгэж өгдөг, экосистемд чухал үүрэгтэй амьтан гэнэ. Түүнчлэн тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтой.
Бусад аймгийн захиргааны болон амьтдын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага хамтран хэд хэдэн газарт тарвага нутагшуулжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумд 25 тарвага сэргээн нутагшуулсан юм байна. Эл ажлыг Амьтны эрх хамгаалах нийгэмлэг болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн хамтран зохион байгуулжээ. Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумд 50 тарвага нутагшуулжээ. Үүнийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран хамтран хэрэгжүүлсэн аж.
Бэлтгэсэн А.Үүл