Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны олимпын наадам эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. “Парис-2024”-тэй холбоотой сонирхолтой мэдээллээс хүргэе.
МАРТАХ УЧИРГҮЙ ОГНООНУУД
Нээлтийн ёслол: Зуны XXXIII олимпын наадам долоодугаар сарын 26-нд эхэлнэ. Энэ өдөр нээлтийн ёслолыг уламжлал ёсоор цэнгэлдэх хүрээлэнд бус, Сена мөрөнд хийхээр францчууд төлөвлөөд байна. Гэхдээ албан ёсны арга хэмжээ Эйфелийн цамхгийн дэргэдэх Трокадеро талбайд болох юм.
Эхний тэмцээнүүд: Хэдий нээлтийн ёслол 26-нд болох ч олимпын зарим уралдаан тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн эхний тоглолт болох бөгөөд найман тоглолт явагдах хуваарьтай. Түүнчлэн эрэгтэйчүүдийн раг бигийн багийн 12 тоглолт өнөөдөр болно.
Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтууд: Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр эхэлж, 30 хүртэл үргэлжилнэ. Харин хасагдах шатны тоглолтууд наймдугаар сарын 2-ноос эхэлж, медалийн төлөөх тулаанууд наймдугаар сарын 8, 9-нд болно. Харин бүсгүйчүүдийн хөл бөмбөгийн хэсгийн тоглолтууд энэ сарын 26-31-нд үргэлжилнэ. Шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 1-нд эхэлж, медалийн төлөөх тоглолтууд наймдугаар сарын 9, 10-нд явагдана.
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн долоодугаар сарын 27-нд эхэлж, наймдугаар сарын 6-наас хасагдах шатны тоглолтууд болох юм. Медалийн эзэд наймдугаар сарын 10-нд тодорно. Харин эмэгтэй багуудын хэсгийн тоглолтууд энэ сарын 28-нд эхэлж, шөвгийн наймын тулаанууд наймдугаар сарын 7-нд, алт болон хүрэл медалийн төлөөх тоглолт 11-нд болох хуваарьтай.
Анхны медалийн эзэд: Нээлтийн маргааш буюу долоодугаар сарын 27-нд 14 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Энэ өдөр найман төрөлд, тодруулбал, дугуй (хоёр багц медаль), жүдо (хоёр), усанд сэлэлт (дөрөв), усанд үсрэлт (нэг), рагби (нэг), скейтборд (нэг), буудлага (нэг), туялзуур сэлмийн(хоёр) төрөлд тамирчид ур чадвараа сорин өрсөлдөх юм.
ПАРИСТ АЛЬ УЛСЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ОНЦГОЙРОХ ВЭ
Европын АШТ, Америкийн цомын тэмцээн өндөрлөсөн ч хөл бөмбөг сонирхогчдыг олимпын наадмын тэмцээн хүлээж байна. Эрэгтэйчүүдийн тоглолт өнөөдөр эхэлж, наймдугаар сарын 9-нд өндөрлөх бөгөөд 16 баг өрсөлдөж буй. Шигшээ багт 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 15 тоглогч, 23-аас дээш насны гурван тоглогч байх дүрэмтэй. Хасагдах шатанд хэсгээ тэргүүлсэн хоёр баг шалгарна.
АВАРГАЛАХ БОЛОМЖТОЙ БАГУУД
Сүүлийн хоёр олимпод түрүүлсэн Бразилын шигшээ Францыг зорих эрхээ авч чадаагүй. Тиймээс Франц, Испани, Аргентины багийг аваргалах боломжтой хэмээн хөлбөмбөг сонирхогчид дүгнэж байна.
Гол тоглогчид
Олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээний дүрмээс шалтгаалж шигшээ багт 23-аас дээш насны гурван тоглогч багтдаг. Тиймээс олимпод голдуу залуу тоглогчид хүрэлцэн ирдэг билээ. Гэхдээ Парист дээд хэд хэдэн түвшний тоглогч хүрэлцэн ирээд байна. Ингээд шигшээ багтаа онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой тоглогчдыг танилцуулъя.
Франц: Майкл Олисе (“Байерн”), Жан-Филипп Матета (“Кристал палас”), Александр Лаказетт, Райан Шерки ( хоёул “Лион”)
Гвиней: Наби Кейта (“Вердер”)
Аргентин: Хулиан Альварес (“Манчестер сити”), Николас Отаменди (“Бенфика”), Херонимо Рульи (“Аякс”)
Испани: Фермин Лопес, Пау Кубарси, Эрик Гарсия (бүгд “Барселона”)
Египет: Мохамед Эльнени (баггүй)
Марокко: Ашраф Хакими (ПСЖ)