Бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх, хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихсэж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүлсэн юм. Могойд хатгуулсны дараа анхны тусламжийг буруу үзүүлснээс биеийн хүндрэх, аминд ч халтай талаар эмч нар зөвлөж байна. ГССҮТ-д могойд хатгуулсны улмаас хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насныхан гэнэ. Өөрөөр хэлбэл, тус төвд одоогийн байдлаар могойд хатгуулсан 10 хүн эмчлүүлж буйн долоо нь хүүхэд ажээ. Энэ талаар тус эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн Түлэнхийн тасгийн их эмч Г.Амармэнд“Энэ онд өмнөх жилийнхтэй харьцуулахад могойд хатгуулж, гэмтэх тохиолдол нэмэгдсэн. Бороо, хур их орсонтой холбоотой, мөн баяр наадмын өдрүүдэд иргэд орон нутагт амарч, аялж явахдаа могойд хатгуулсан дуудлага цөөнгүй ирсэн. Эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэж байна. Тухайлбал, өндөр ургасан өвс ногоон дундуур углааштай явж байгаад хатгуулжээ. Мөн гэрийнх нь хаяагаар могой орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Зуны улиралд бамбай хоншоорт хортой могой үерийн усаар дамжин хүн амын суурьшлын бүсэд орж ирдэг тул анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Могой ихтэй газраар явахгүй, түрийтэй гутал өмсөхийг сануулъя” гэв. Могойд хатгуулсан үед ариун самбаагаар боож, өөрт хамгийн ойр эмнэлэгт хандахыг зөвлөсөн юм.