"ПАРИС 2024" зуны олимпын XXXIII наадмын нээлт ирэх Баасан гаригт болно. Франц улсад орон орны баг тамирчид, албаныхан очсоор байна. Энэ долоо хоногт манай баг тамирчдаас байт харваа, дугуй, жүдо бөхийн тэмцээн эхлэх ба хуваарийг хүргэе.
Байт харваагаар монголын багийн тэмцээн эхэлнэ
Монголын багийн эхний тэмцээн Олимпийн нээлтийн өмнөх өдөр буюу Пүрэв гаригт байт харваагаар эхэлнэ. Азийн наадмын аварга Б.Отгонболд энэ удаа харваачдаас ганцаараа эрхээ авсан билээ. Түүний хувьд Монголын багийн тэмцээнийг эхлүүлнэ. Байт харваачид олимпийн наадамд 70 мeтр буюу рeкурв төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд шилдгүүдээ тодруулна. Ирэх Пүрэв гаригт шилдэг 64 эрэгтэй харваач чансаа тогтоох харвааг хийх ба хасагдах шатны харваа долдугаар сарын 29-д болно. Азийн наадмын аварга Б.Отгонболдын хувьд "Токио 2020" олимпийн наадамд оролцож байсан юм.
Дугуйн эхний уралдаан Б.Тэгшбаяр
ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай дугуйн баг тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, туслах дасгалжуулагч Э.Алтан-Очир нар энэ удаагийн олимпод оролцож байна. Энэ удаагийн олимпод хоёр эрэгтэй дугуйчин эрх аван оролцож байгаа нь дугуйчдын хувьд онцгой амжилт билээ.
Дугуйчдаас долдугаар сарын 27-д буюу ирэх Бямба гаригт Ганцаарчилсан 30 км-т Б.Тэгшбаяр уралдана. Тойрог замын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр анх удаа олимпийн эрх аван оролцож байна. Түүний хувьд Монголын багийн мeдалын төлөө өрсөлдөх эхний тэмцээнийг эхлүүлэх юм. Учир нь Пүрэв гаригт байт харвааны чансаа тогтоох харваа болох бол дугуйчдын хувьд Ганцаарчилсан 30 км-т мeдальтнууд тодорно.
Энэ долоо хоногт жүдо бөхийн дөрвөн жингийн барилдаантай
Монголын жүдо бөхийн шигшээ баг энэ удаа эрэгтэй, эмэгтэй нийт 10 жин болон холимог багт өрсөлдөнө. Энэ долоо хоногт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жингийн барилдаантай.
Жүдо бөхийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нарын бүрэлдэхүүнтэй шигшээ баг Парист очсон. Баг тамирчид тамирчдын тосгонд байрлаж эхэлсэн ба нээлтийн маргааш болох эхний барилдаанд бэлтгэж эхлэв. Жүдочдын салхийг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Б.Баасанхүү нар эхлүүлнэ. Мөн хоёр дахь өдөр буюу ирэх Ням гаригт эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам нар барилдана. Харин ирэх долоо хоногт үлдсэн жингийн барилдаан болж, мөн жүдо бөхийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 3-д холимог багийн төрөлд Монголын баг өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Эх сурвалж: МҮОХ