Манай улсад энэ жил спортын салбарт тив, дэлхийн чанартай, чансаа өндөр найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэдгээрээс одоогоор хоёр нь болоод байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш мөсний загасчлалын ДАШТ, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манайд болсон. Тэгвэл ойрын хугацаанд олон улсын таван томоохон тэмцээнд манайд болох нь. Тун удахгүй буюу энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнтэй. Мөн ирэх сарын 6-11-нд олон улсын хүүхдийн X наадмыг манай улс зохион байгуулна.
Ирэх есдүгээр сард олон улсын хэд хэдэн тэмцээн болох нь. Тухайн сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс зохион байгуулна. Бас нэг онцлох арга хэмжээ нь ирэх есдүгээр сарын 16-28-нд болох снүүкер биллиардын ДАШТ юм. Есдүгээр сард мөн кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмадын ДАШТ-тэй.
Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд пауэрлифтинг, жиү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулжээ. Тэдгээрт 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, албаны 211 төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан гэнэ. Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулсны үр дүнд манай улс нийт 14 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нийт орлогын 4.9 тэрбум нь үндэсний авиа компанид ногдсон байна. Мөн зочид буудал, ресторанууд 5.7, худалдаа, үйлчилгээний салбарынхан 3.2 тэрбум төгрөгийн орлого олсон аж.
Бэлтгэсэн М.Оч