Эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ, “Billie jean king cup” тэмцээний Ази тивийн II хэсгийн шалгаруулалт энэ сарын 15-21- нд Малайз улсад үргэлжилж буй. Ази тивийн I хэсэгт Япон, БНСУ, БНХАУ, Шинэ Зеланд, Энэтхэг зэрэг шилдэг тамирчидтай улс багтдаг. Манай улсын хувьд II хэсэгт багтдаг юм. Уг тэмцээнд манай тамирчид сүүлийн хоёр жил амжилттай оролцож тивийн I хэсэгт шалгарахад тун ойрхон байв. Манай охидоос Ч.Маралгоо эхний хоёр тоглолтод Пакистаны тамирчныг тус бүр 6:0, 6:0 оноогоор буулган авч, гурав дахь тоглолтод Ч.Мартаа, Э.Соном-Янзум нар өрсөлдөгчөө 6:1, 6:0-ээр хожсон. Монголын баг чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсээр “Billie jean king cup”-ын II хэсгийг тэргүүлэн, хоёр дахь тэмцээнээ Сингапурын багийнхантай өрнүүлсэн. Эхний тоглолтод Ч.Мартаа 6:2, 6:1, дараагийнхад Ч.Маралгоо 4:6, 6:4, 6:4, гурав дахид нь Ч.Маралгоо, Б.Үжин нар өрсөлдөгчөө 6:1, 6:1-ээр тус тус хожоод байна. Манайхан Хонконгийн багийг ялбал аваргын төлөө тоглох эрх авах юм.