Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн сарын туршид үргэлжилж, 24 шилдэг шигшээ баг 51 тоглолт хийж, аваргаа тодрууллаа. Германд зохион байгуулсан тус тэмцээний үеэр бичигдсэн рекордуудыг нэрлэж байна.
- Испанийн хөлбөмбөгчин Ламин Ямал Хорватын эсрэг хийсэн нээлтийн тоглолтод гараанд гарснаар ЕВРО-д тоглосон хамгийн залуу тоглогч болсон. Тэрбээр 16 нас 338 хоногтой байв. Тус рекордыг 2021 онд 17 настай Польшийн хөлбөмбөгчин Кацпер Козловски эзэмшиж байв.
- Ламин Ямал Францын эсрэг хийсэн хагас шигшээ тоглолтод гоол оруулснаар ЕВРО-д гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон. Тэр 16 нас 362 хоногтой байв. Энэ рекордыг 2004 онд 18 настайдаа гоол оруулсан Швейцарийн хөлбөмбөгчин Йохан Вонлантен эзэмшиж байв.
- Албанийн Недим Баярами хэсгийн шатанд Италийн эсрэг 23 секундэд гоол оруулсан нь ЕВРО-ын хамгийн хурдан гоолоор бүртгэгдлээ. Өмнө Оросын Дмитри Кириченко 2004 онд 67 секундэд оруулснаар эзэмшиж байв.
- Португалын хөлбөмбөгчин Пепе шөвгийн наймд Францын эсрэг тоглосноор ЕВРО-д тоглосон хамгийн ахмад тоглогч болсон. Тэрбээр 41 нас 130 хоногтой байв. Өмнө 2016 онд 40 настай Унгар хаалгач Габор Кирали тус амжилтыг тогтоожээ.
- Хорватын Лука Модрич ЕВРО-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болсон. Тэрбээр 38 нас 289 хоногтойдоо тус рекордыг тогтоов. Өмнө нь Австрийн Ивица Вастич 2008 онд уг рекордыг тогтоож байв.
- Криштиано Роналдо зургаа дахь ЕВРО-доо оролцсоноор хамгийн олон ЕВРО-д оролцсон гэх өөрийн рекордыг шинэчлэв.
- Унгарын Кевин Соботын Шотландын эсрэг оруулсан гоол нь ЕВРО-ын түүхэд үндсэн цагийн хамгийн сүүлд орсон гоол болов. Гоол 90+10 дахь минутад орсон.
- Чех, Туркийн тоглолтод 17 шар, 2 улаан нийт 19 торгуулийн хуудсыг шүүгч өргөсөн нь 2016 оны Португал, Францын тоглолтод өргөсөн 10 хуудсыг гүйцэж ЕВРО-ын хамгийн олон хуудастай тоглолт болов.
- Португалын хаалгач Диогу Кошта Словенийн эсрэг 3 пеналт хаасан нь нэг удаагийн пеналтаас хамгийн олныг хаасан рекордыг тогтоов.