Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгох болон бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо.
Уяачдын наадамд зориулсан барилдааны үеэр шагналыг нь олгодог уламжлалтай. Энэхүү ёслолд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан оролцлоо. Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Б.Орхонбаяр, харцага Г.Ганхуяг нар чимэг хүртэж, шөвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд наадмын бай шагналаа гардан авлаа.
Энэ үеэр Увс аймгийн Нутгийн зөвлөлөөс дархан аварга цол хүртсэн Н.Батсуурийн амжилтыг мялааж, “Lexus 600” маркийн машин гардуулсан юм.