Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд ангилалд 65 хүлэг бүртгүүлжээ. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг Партизаны П.Баттулгын хээр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Г.Чулуунбаатарын хээр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Отгонсэлэнгийн ягаан, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганбаатарын сартай хонгор, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Г.Ган-Очирын хүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн хээр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач А.Өлзийбаатарын хээр, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат М.Мөнгөнбаганы цагаан халзан, Дорнод аймгийн Матад сумын харьяат Д.Цогтжаргалын сартай зээрд тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд мордсон билээ.
Ингээд морьд эргэж, бариа ойртоход түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Я.Содбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын хүрэн орлоо.
Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Г.Ган-Очирын халтар, айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Баян өндөг" ХХК-ийн захирал Ц.Мөнхбаярын халиун үрээ хурдалжээ.